СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Tuesday, May 10, 2016

Социализм гэж бүтэшгүй муухай зүйл байгаагүй

“Монсудар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг “Монголчууд” түүхэн цуврал номын гуравдугаар боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном худалдаанд гарлаа. Номын онцлог, утга агуулгын тухай тус хэвлэлийн газрын түүхч, редактор С.Ууганбаяртай ярилцлаа.

-Номын нэр содон юм?

-Манай хэвлэлийн газраас “Монголчууд” нэртэй түүхэн цувралыг эрхлэн гаргаж байгаа. Уг цувралын эхний хоёр боть хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн эхний ботидоо бид Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хооронд болж өрнөсөн үйл явдлын түүхийг голчлон харуулсан. Харин хоёр дахь ботидоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим жилийн түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт багтаасан юм. Энэ удаагийн ботидоо 1924-1959 оны хоорондох түүхийг багтаалаа. Уг түүхээс номын маань “Нийгэм журамд давшин орсон нь” хэмээх нэр тодорч байгаа юм.


-1924-1959 онд монголчуудын хувьд хүнд хэцүү цаг үе олон байсан.

-1924-1959 он бол Монголын тусгаар тогтнолын хувьд маш ээдрээтэй цаг үе юм. Энэ үед монголчууд хоёр ч үндсэн хуулиа баталж гаргасан. Коминтерн болон гадаад улс орны нөлөөгөөр хэлмэгдүүлэлт явагдаж олон арван лам нарыг хомроглон устгасан, сүм хийдийг нурааж, баяд ноёдын хөрөнгийг хүрээсэн гэх мэт муу үр дагавартай үйл явдал өрнөсөн байдаг. Гэхдээ хэдий хар, бараан үйл явдал болсон ч бүтээн байгуулалт, шинэчлэлт хөдөлгөөн явж байсан байдаг. Эсгий гэрт амьдарч байсан Монголчууд суурин соёл иргэншил, хөдөлмөрийн хуваарьт шилжсэн байгаа юм.  Тал дунд морьтойгоо л таваргаж явдаг байсан бол хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулж эхэлсэн зэрэг соёлын бүхий л түвшинд хөгжиж эхэлжээ. Мөн эдгээр он жилд Монгол улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн маш том үйл явдал өрнөсөн байдаг. Маш олон сайн, сайхан түүх болж өнгөрсөн байдаг ч хүмүүс өнгөрсөн нийгмээс хар, барааныг л олж хардаг. Харин энэ номыг уншсанаар гажуудсан муу муухай гэж үздэг зүйлсийг арай өөр өнцгөөс олж харах болов уу л гэж бодож байна.

Гэрэл зургийг MPA.MN
Гэрэл зургийг MPA.MN


-Аль үйл явдлыг голчлон тусгасан бэ. Ер нь бид түүхийн аль үйл явдлыг мартах учиргүй, үргэлж унших учиртай юм бол?

-Голчлон улс эх орны хөгжил дэвшил эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан бэ гэдгийг голчилж харуулсан байгаа. Төр, шашны асуудал бол хэдийгээр чухал ч 1945 оноос эхлэн Гандан хийдийг буцаан сэргээсэн учраас улс эх орны хөгжлийг түлхүү тусгасан байгаа.

-Хэвлэлийн редактороор ажилласан хүний хувьд тухайн үеийн монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг юу гэж харав?

-Тухайн үеийн лам нарын оролцуулахгүй тооцвол Монголчуудын мэдлэг, чадварын хувьд маш дорой байсан. Бичиг, үсэг мэддэг хүн маш цөөн. Ихэнхи нь яр, тэмбүү ч юм уу ямар нэг өвчтэй байжээ. Тийм байхад нь Монголын хэлэлцээрийн дагуу Оросоос гурав дөрөв удаагийн эмч нар ирж олзлогдсон бүс нутагт очиж өвчнөөс нь салгаж байгаа, хүүхдүүдийг боловсролд хамруулж эхэлсэн байдаг. Энэ бүхний эх үндэс нь батлан хамгаалах байгууллага, цэргийн хүчээр нэг энгээнд орж, өнөөгийн нийгмйиг цогцлоосон гэж үзэж болохоор юм.

-Нэг ёсондоо “Соёлын довтолгоо”-ний үе гэж ойлгож болох нь.

-Тэгж ойлгож болно. Энэхүү номыг уншаад социализм гэдэг бол бүтэшгүй муухай юм байж. Тийм болохоор л нуран унасан, тэр үед сайн сайхан зүйл юу ч байгаагүй гэдэг ойлголтоо өөрчлөөсэй гэж хүсэж байна. Эсрэгээрээ бид социалист бүтээн байгуулалтаас их юм сурах ёстой.

-Түүхийг бичихэд эх сурвалж маш чухал. Номыг бүтээхэд ямар хүмүүс оролцсон бэ?

-Бид “Монголчууд” цувралаар Монголчуудын түүхийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар уншигчдад хүргэхийг зорьдог. Номын онцлог гэвэл дан түүхчид биш салбар салбарын хүмүүс оролцсон. Тухайлбал, боловсролын түүхийг бичихэд зөвхөн боловсролын салбарын эрдэмтэн, түүхчид, урлаг соёл гэвэл тухайн салбарын хүмүүс бичилцсэн байгаа. Тухайлбал бүтээлийн ерөнхий редактораар түүхийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Түүхийн шинжлэх ухааны доктор З.Лонжид, доктор, профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар ажилласан. Эх сурвалж гэвэл голчон архивын мэдээлэл ашигласан. Түүнээс гадна хамгийн гол нь түүхийн гэрэл зургийг шигтгэж өгсөн. Дан текст уншихаас гадна, тухайн үеийн барилга, байгууламж ийм байсан юм байна гэдэг мэдээллийг давхар зургаар өгүүлэх учраас илүү сонирхолтой болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, Чойжинламын сүм музей, Бөмбөгөр ногоон театр зэрэг тухайн үеийн Нийслэлийн олон сонирхолтой гэрэл зураг номод багтсан байгаа.

-Энэ номыг аль насныхан уншаасай гэж хүсэх байна?

-Бүх насныхан уншаасай л гэж хүсэх байна. Ар гэр нь хэлмэгдсэн ард иргэд өнгөрсөн 70 жилийг маш муухайгаар хардаг. Тэгэхээр үүнийг тухайн үед амьдарч байсан настай хүмүүс ч, одоо үеийн хүүхэд, залуучууд маш сайн унших хэрэгтэй. Одооний залуучууд Чойлбалсан, Цэдэнбал муу хүмүүс байсан гэж үзэх хандлагатай болчихож. Гэвч тэдгээр хүмүүс энэ улс эх оронд ямар хөгжил дэвшил авчирсан юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Зөвхөн өвөө, эмээгээсээ сонссон тэр зүйлээрээ дүгнэлт гаргаад өнгөрсөн нийгмийг буруушаадаг.  Харин анхааралтай тогтоод уншвал манай Монгол улсын хөгжил 1924 оноос хөгжиж эхэлсэн гэдгийг ойлгоно. “Ногоон нүдэн лам” гэх мэт түүхэн, уран зохиолын номууд маш их алдаа дутагдалтай гардаг болсон байна.

-“Монголчууд” цувралын дөрөв дэх боть хэзээ гарах вэ?

-Амжвал энэ ондоо багтаагаад дараагийн хоёр цувралаа худалдаанд гаргана. Ерөнхийдөө  гаргахаар төлөвлөж байна. “Монголчууд” цувралын нэг дэх боть 38 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин хоёр, гурав дахь боть 49.900 төгрөгөөр “Интерном”-ын бүх салбаруудаар худалдаалагдана. Үнэ нь яагаад ийм өөр байгааг уншигчид гайхаж магадгүй юм. Хэвлэлийн зардлаасаа шалтгаалан хэлбэлздэг байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

эх сурвалж: shuud.mn
Share This

No comments:

Post a Comment