СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Wednesday, September 21, 2016

Олноо Өргөгдсөн Монгол улсын хаан ширээг хэн залгамжлах байв?



1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Монгол улсын шинэ эзэн хаанаар халхын шарын шашны тэргүүн VIII богд Жибзундамба хутагтыг өргөмжилсөн билээ. Жибзундамба хутагтыг хаан ширээнд залсан нь тухайн цаг үедээ ард олныг араасаа дагуулж чадах нөлөө бүхий хүн байсанд оршиж байгаа юм. Гэвч Жибзундамба хутагтын дараагаар монгол улсын хаан ширээнд хэн залрах байсан нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Төрт ёсны уламжлалын дагуу Чингис хааны алтан ургийн хүн хаан ширээнд суух ёстой. Гэвч Богдыг алтан урагт тооцон шашны мухар сүсгээр итгэн бишэрсэн тал ч бий. Энэхүү үзлийн дагуу Жибзундамба хутагтыг Чингис хааны алтан урагт оруулан тооцож болох ч түүнд угсаа залгамжлах төрсөн хүү үгүй.[1]

Тэгвэл энэ тохиолдолд хэнийг хаан ширээнд суулгах вэ?
Богдын өргөмөл хөвгүүдийн нэгийг нь үү эсвэл дараагийн шинээр тодрох IX дүгээр богдыг уу? Бүр жинхэнэ алтан ургийн хүнийг үү гэсэн асуултууд урган гарч ирж байна.
Хэдий Богд хааныг алтан ургийн Дондовдорж вангийн хөвгүүн Лувсандамбийдонмэн хойд дүр хэмээн үзэж болох ч түүний өргөмөл хөвгүүд нь алтан урагт хамаарахгүй юм. Мөн шинэ тодрох IX дүгээр богд мэдлэг чадвар, нэр хүндийн хувьд ард олныг дагуулж чадах эсэх нь тодорхойгүй. Шинэ богдыг хаан ширээнд залсан ч балчир настай хүүхэд байх тул нэг хэсэгтээ төр барих боломжгүй юм. Энэ хугацаанд төрийн эрх мэдэл ноёдын гарт шилжиж улс орны тулгуур ганхахад хүрэх нь лавтай.
Чухам алтан ургийн ноёдоос хэнийг нь хаан ширээнд залах тухай асуудал нь нилээд маргаан дэгдээх төдийгүй магадгүй цуст аллагад ч хүрч болох юм.
Тухайн цаг үед тусгаар тогтнолоо хамгаалан үлдсэн ноёд яагаад ийм болчимгүй гоомой шийдвэр гаргав. Эсвэл Богд хаан ноёдын хувьд ард олныг дагуулахад ашиглах зэвсэг болж, алтан ургийн ноёд алс хэтдээ өөр бодолтой байсан уу? Бас л сонирхолтой асуудалтай ...
Түүхэнд хэрвээ гэж байдаггүй билээ...



[1] Дархан чин ван Пунцагцэрэн Бээжинд хэлэлцэхээр түшмэлийн хуралд оролцохоор явахдаа эх дагина Дондогдуламын хүсэлтийн дагуу “Хүүхдийн тухай зурхайчаар үзүүлсэнд бүгд арван хоёр зүйлээс арван нэг нь цөм нийлэмжтэй сайн” хэмээн өгүүлжээ. Гэвч эх дагина хэзээ ч хүүхэд төрүүлээгүй билээ. Урангуа Ж, Хэвт ёсны хоёрдугаар оны найман сарын арван хоёрноос эхлэн Нийслэл хотын газар албан бичиг сийрүүлсэн данс. Дархан ван Пунцагцэрэн  Бээжинд Засагт туслах яамны хэлэлцэх түшмэлээр одохдоо инагш чанагш харилцсан тэмдэглэл, Түүх судлалын жимээр, Улаанбаатар, 2014, 394-395.

ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ҮҮСЭЛ, УЛАМЖЛАЛ



Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөрт зориулав.
Аливаа улс гүрний тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг нь Төрийн туг далбаа юм. Монгол төрийн түүхэнд Есөн хөлт цагаан туг, хараа их хар сүлд гэхчилэн хялгасан тугийг олон зууны туршид хэрэглэж ирсэн байдаг. Монголчууд 200 гаруй жил байсан Манжийн дарлалаас гарч туурга тусгаар Монгол улсаа байгуулах үеэс төрийн дээд бэлэг тэмдгүүдийг бий болгосны нэг нь Төрийн туг далбаа юм.
1911 оноос бөс далбааг Төрийн туг болгон олон улсын адил хэрэглэх болж хялгасан тугийг халсан байна. Энэ нь одоогийн манай Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон[1] Төрийн туг, далбааны үндэс суурь болсон. Туг далбааг бөс давуугаар урлах болсон тухайд “Олон улс дор цөм өөрийн далбаа бий. Бидний монгол болбоос өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий мөн тусгайлан далбаа байгуулж тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимой” гэж тухайн үеийн сурвалжид дурьджээ.
Бөс даавуугаар Төрийн тугийг урлахдаа “Өнгө зүс, хэлбэр хэмжээ, дагалдах бэлгэдлийн зүйл болох сүлд, үсэг бичиг зэргийг тогтоожээ. Улсын далбааг гурван ам буюу нэг ам нь 70х70 см, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд “ум а хум” хэмээх үсэгтэй, гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “Соёмбо, Э, бам /арга билэг хослох/” үсгийг сайн сайхныг бэлгэдсэн ном зэрэг барласан дэвсгэр дээр урласан байна” Төрийн тугийг тодорхой өдөр хоногуудад залдаг журамтай байсан бөгөөд Богд хаан[2] болон Улсын их дагины[3] түмэн өлзий гийсэн (өдөр төрсөн өдөр), төр байгуулагдсан буюу өвлийн дунд сарын шинийн есний өдөр (12 сарын 29)[4], Жахар цам бүжиглэх өдөр, жил бүр өвлийн сүүл сарын гучинаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл ба тухайн үеийн төрийн том баярын өдрүүдэд айл өрх, орд сүм, яам тамгын газраа мандуулж байхыг зарлиг хуулиар тогтоожээ.
Энэ тухай нэгэн баримтыг дурьдвал Олноо өргөгдсөний хоёрдугаар он хаврын сүүл сарын шинийн нэгэнд Хамба Номун хан[5] болон Эрдэнэ шанзубда нарт илгээсэн бичигт
Нийслэл Хүрээний Хамба Номун хан ,Эрдэнэ шанзудба нарт тушаан илгээв. Тушаан явуулахын учир Төрийн тугийг аль өдрүүдэд залж байгуулах зэрэг явдлыг манай яамнаас айлтгасанд, буулгасан Зарлиг, жил бүр өвлийн сүүл сарын гучинаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл байгуулаад дотогш залуул. Бас гадаад дотоод хоёр Майдар залах, аймаг шавийн даншиг өргөх зун өвлийн жахар тахилын цам бүжиглэх гийсэн өдрийн баяр, их төр байгуулсан өвлийн дунд сарын шинийн есний өдрүүдэд цөм өглөө байгуулаад, үдэш дотогш залагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг Нийслэл Хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ шанзудба нарт тушаан явуулаад Дээд Зарлигыг хичээнгүйлэн дагаж зохих газартаа тушааж үүрд журамлан дагаж явуулъя. Үүний тул тушаан илгээв[6] хэмээн өгүүлсэн байна.
Энэ нь Их Монгол улсын үед Хаан ор суух, их хуралдай хурах мөн төрийн их баяр наадам хийх үед төрийн тугийг ёслол хүндэтгэлтэйгээр залдаг байснаас[7] улбаалан шинээр нээсэн тулгар төрийн туг далбааг тодорхой өдрүүдэд мандуулан цэнгүүлдэг байжээ. Төрийн тугийг мандуулдаг байсан эдгээр өдрүүдийн талаар нэмэлт тайлбар хийх шаардлага гарч байна.
Бат-Оршил гэдэг нь бат бэх тогтнон оршуулах гэсэн утгатай үг. Бат-Оршил нь анхдугаар богд Занабазарт зориулан анх 1695 онд насан хутаг оршихыг билэгдэж зохиосон наадам юм.
Даншгийг гурван жилд нэг удаа зохиож байснаа наймдугаар Богдын үед жил бүрийн зун цагт мөн хаан сууринд заларсан өвлийн дунд сарын есөнд наадам хийх болсон. Халхын дөрвөн ханы аль нэг нь Богдын насан хутаг батдахын ерөөл тавьж ерөөл төгсмөгц ноёд, ихэс лам нар хадаг өргөн, мөргөл үйлдэж эрийн гурван наадам хийдэг байсан амуй. Бат-Оршил өргөж эд юмсыг цувруулан барьж бэлэг өргөхийг даншгийн цуваа гэх ба тэр цувааны эх нь таван өнгийн урт хадаг уясан мөнгөн мандлаар эхэлдэг байжээ. Ийм наадмыг долоон хошуу даншиг наадам гэж нэрлэж байв.[8] Бат-Оршилыг жилд хоёр удаа Очирдара Богд эзэн, Улсын Их Дагинын гэгээнээ үлэмж лянхуа өнө удаан батдахыг хүсэж ... энэхүү сүслэн өргөх гурван зүйлийн Бат-Оршилоос, жил бүр дэлгэр зуны сайхан цагт ... анхнаа Хаан эзэн өргөмжилж эрдэнийн сууринаа залсан өлзийтэй өдөрт тохиолдуулан жил бүр өвөл цаг өргөх Бат-Оршилыг..[9] өргөдөг байжээ.
Мөн зуны Бат-Оршил өргөх ёслолын цаг хугацаа нь тодорхойгүй бөгөөд тухайн жилийн билэгт сайн өдрийг Эрдэнэ шанзудбын яамнаас сонгон Бат-Оршил өргөдөг байжээ. Зарлигаар Тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт жил бүр зуны цаг олон аймаг шавь нар хамт нийлж Бат-Оршил өргөхөд Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас сайн өдрийг сонгон үзүүлж соёрхол айлтга [10] хэмээн өгүүлсэн байна. Түүнчлэн зун, өвлийн цагт өргөх Бат-Оршилыг хуульчлан заасан бөгөөд бараалхах болон бусад зүйл адил боловч Богд эзэн сууринаа заларсан буюу өвөл цагт өргөх Бат-Оршилд Амьтны амийг сүйтгэхгүй ариулан цээрлэх ёслол[11] явуулна хэмээн заажээ.
Мөн түүнчлэн Түмэн өлзий гийсэн өдөр[12] буюу Богд хааны түмэн өлзий гийсэн өдөр нь намрын сүүл сарын шинийн есөн бөгөөд Улсын Их Дагины түмэн өлзий гийсэн өдөр нь мөн сарын шинийн арван таван болой. Эл өдрүүдэд Төрийн тугийг залан мандуулж гийсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна.
Мөн түүнчлэн Богд эзэн, Улсын их дагинын гийсэн өдрийг дан ганц Нийслэл Хүрээнээ тэмдэглэн өнгөрүүлэх бус хөдөө орон нутагт ч мөн адил сүслэж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Жишээлбэл: Намнансүрэн, Цэрэнчимэд, Пунцагцэрэн ,Гомбосүрэн нарын айлтгалд Намрын сүүл сарын шинийн найманд Очирдара богд эзэн гэгээний түмэн өлзий гийсний их баяр мөн сарын арван таванд Улсын их дагинын гэгээний түмэн өлзий гийсний их баяр тус тус тохиолдох тул Нийслэл Хүрээнээ бүхүй олон хан ван сайд гүн засаг хамба цорж шанзудба, засаг лам, Да лам хутагт хувилгаан лам нар бүгдийн дарга нараас дараалан олон түшмэд бүгдээр ёслолын хувцас өмсөж хичээнгүйлэн их биеэр ёсноор мөргөх ба , мөн уул нутагт бүхүй нь цөм өөр өөрийн харъяат газар нэгэн адил хичээнгүйлэн мөргөж блам шавь, эзэн боолын ёсыг хүндэтгэн гүйцэтгэвээс зохих явдлыг боолчуудын газраас хичээнгүйлэн нугалбар бичиж сонсгон айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуймуй, үүний тул хичээнгүйлэн айлтгав[14] хэмээсэн байна.
Харин цам бүжиглэх ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн дөрөвний өдөр Нийслэл Хүрээний тахилын цам бүжиглэх, шинийн есөнд их цам бүжиглэж жахар дорма залах уулын тэнгэрийг тайж билэгтэй ёсоор наадам хийдэг байжээ.[15] Цам гэдэг нь бүжиг гэсэн утгатай төвд үг бөгөөд сүм хийдийн лам нарын зохион явуулдаг лам нарын ёслол юм. Цам бол шашины ёс хийгээд сүсэг бишрэлийн дайсагналыг дарах, эх дэлхийд бурханы шашиныг дарсныг харуулах ёслол мөн [16] Жахар цам бүжиглэхдээ мөн л урьдын адил тусгай журмын дагуу гүйцэтгэдэг байна.
Майдар бурхныг залж, эргэх ёслолыг жил бүрийн хаврын сүүл сард явуулдаг байжээ. Майдар бурхан бол ирээдүй цагийг аврагч бурхан хэмээгдэх тул ийнхүү энэ бурхныг хойч ирээдүйгээ даатгах ёслол үйлддэг байсан байна. Жил бүрийн хаврын сүүлд сар, намрын сүүл сард өдрийн сайныг сонгон Майдар залж, эргэх ёслолыг үйлддэг байсан байна.
Үүнээс үзэхэд Төрийн туг далбааг зөвхөн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан нь илэрхий байна. Түүнчлэн Богд эзэн, Улсын Их дагины түмэн өлзий гийсэн өдөр Төрийн тугийг мандуулдаг байсны адил В.И.Лениний төрсөн өдрөөр Төрийн далбааг мандуулах тухай БНМАУ-ын ИХТ-чдийн тогтоол гарч байсан байна. Үүнд: Лениний төрсөн өдөр болох жил бүр 4 дүгээр сарын 22-ны өдөр төв ба орон нутгийн улсын бүх газар, олон нийтийн байгууллага, түүнчлэн гадаад улсуудад суугаа БНМАУ-ын ЭСЯ-дын газрууд, төмөр замын станцууд вокзал, “Б” орон сууцны байрууд дээр БНМАУ-ын далбааг мандуулахаар тогтоосон [18] байна. Мөн эдгээр туг залах өдрүүдээс дэлгэр зуны цагт Бат-Оршил өргөх ёслол буюу Даншиг өргөн Төрийн тугийг залан мандуулдаг байсан нь эдүгээ Төрийн есөн хөлт цагаан тугийг жил бүр Үндэсний баяр наадмаар хүндэтгэн залах ёслол болж уламжлагдан иржээ. 1911 онд Төрийн далбаанд урласан соёмбыг монголчууд одоо ч хэрэглэсээр байна.
Төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг ёс дэлхийн олон улс оронд байдаг байна. Үүний нэгэн адилаар Монгол улс 2009 оны 6 сарын 11-ны тогтоолоор жил бүрийн 7 сарын 10-ны өдрийг төрийн туг далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгосон[19] байна.
С. Ууганбаяр

[1] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, МУБИС-МТТ, УБ, 2011:261.
[2] 1911 онд туурга тусгаар Монгол улсыг тунхаглахад Халхын шарын шашны тэргүүн наймдугаар богд Жавзандамба хутагтийг Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд өргөмжилсөн байна.
[3] Шинэ тулгар төр нээхэд VIII Жавзандамбыг Шашин төрийг хослон баригч Богд хаанд өргөмжлөн Дондогдулам хатныг Улсын их дагина хэмээн өргөмжилсөн байна.
[4] 1911.12.29 Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсан
[5] Хамба Номун хан Пунцаг, Тулгар төр нээсний хойно “Тунгалаг билигт” цолын дээр Хутагт үсэг шагнасан байна
[6] МУҮТА, Х-А-3, Д.1, ХН-323, Н-71
[7] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, 2011:70.
[8] Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь., ШУАТХ. УБ., 2011:51
[9] МУҮТА,Х-А-3, Д.1, ХН-442, Н-5
[10] Монголын төр эрхзүйн түүх (дээж бичиг) V дэвтэр,МУИС-ХЗС, Монголын төр эрхзүйн ТСТ., УБ.,2010:136
[11] Монголын төр эрхзүйн түүх (дээж бичиг) V дэвтэр. 2010:139
[12] Богд хаан болон Улсын Их дагинын төрсөн өдөр
[13] МУҮТА, Х-А-3, Д.1, ХН-442, Н-65
[14] МУҮТА,Х-А-173, Д.1, ХН-87, Н-31
[15] Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь, ШУАТХ. УБ., 2011:395
[16] Мөн тэнд., 395
[17] Мөн тэнд.,395
[18] Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн товчоо/1911-2008/,УБ.,2008:127
[19] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, МУБИС-МТТ., УБ, 2011:263


МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН ОРШИН ТОГТНОЖ БАЙГААГҮЙ ГЭЖ ҮҮ?


Чингис хаан- Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат киноны шүүмж


XIII зуунаас монголчууд хүчирхэгжин Солонгосын хойгоос Зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн эзэнт улсуудаа байгуулж байсан билээ. Тиймээс ч Чингис хааныг монгол бус түрэг, тэр дундаа казак хүн байсан, мөн Юань улсыг Хятадын төрт улс гэхчилэн түүхийг илт гуйвуулан бичих явдал цөөнгүй байдаг. 
Гэтэл сүүлийн үед Орост Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, энэ бол хэн нэгэн этгээд уран зөгнөлөөрөө зохиосон зүйл, Монголын нууц товчоо бол ямар ч үнэ цэнгүй зохиол гэх үзэл гарч байна. 
Жишээлбэл, Оросын Чингис хаан-Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат кинонд Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ 
-200 гаруй жил Оросыг колончилсон атал яагаад одоогийн орос хүмүүст монгол төрх үлдсэнгүй вэ? Түүнчлэн монголчуудын ДНК яагаад оросуудаас илрэхгүй байна вэ? 
-Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ? 
-Үнэн хэрэгтээ монгол морьд, цэргүүд энэ хол замыг туулаад ирлээ гэхэд цааш аялан байлдах чадваргүй болтлоо ядрах байсан. 
-Ямар ч газрын зураггүйгээр, таньж мэдэхгүй газраар монголчууд давшин ирэх ямар ч боломжгүй.
-Монголчуудын төрийн бодлого нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн гаргаж чадах бодлого биш
-Монголын нууц товчоо үнэ цэнтэй зохиол бус, Монголчуудын түүх зөвхөн харь орны хэл дээр бичигдсэн гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн авч үзжээ. 
Энэхүү баримтат киног ЕTV телевиз монгол орчуулан хүргэсэн билээ. Үүний дараа сайтуудад тавигдсан энэхүү баримтат киноны доорх сэтгэгдэлд нэгэн эрхэм “Unen zuil bichjee Chinges khaan gedeg bol ulgeriin l baatar Khezee neg tsagt iim shinjlekh ukhaanii undesleltei nyatsaalt garch irj bna”  [https://www.dorgio.mn/post/36547, 2016.01.05, 09:50]  гэсэн байна. Энэ мэтчилэн түүхээ буруу ойлгох, үл итгэх явдал хүмүүсийн дунд гарч болзошгүй. 
 Тэгвэл эдгээр асуудлууд нь Шинжлэх ухааны үндэстэй няцаалт болж Монголын эзэнт гүрэн байгаагүй гэдгийг баталж чадах уу, няцаалт олдохгүй гэж үү? Мэдээж хэрэг олдоно.
1.Монголчуудын ДНК
Генетикчид 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг хийх болсон. 2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15 маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх нь У-ДНК кодыг Чингис хааных гэж The American journal of human genetic сэтгүүлд нийтэлжээ. Эндээс харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна.
 ОХУ-ын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн ажилтан Владимир Нужный  Москва хотын бор дарсанд дурлагсдын 50 %-аас илүү нь Монгол ген агуулсан байсныг судалгаагаар тогтоожээ.
Генетикийн судалгаагаар Монголчуудын удам угсаа олон улс оронд оршин амьдарсаар байгаа нь тогтоогдсон. Гэтэл оросуудад Монгол ген огт байхгүй гэсэн атал бор дарсанд дурлагсдыг судлахад монгол гентэй хүмүүс байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Бор дарсанд донтогсдоо монголчуудын хойчис гээд бусад зүйл дээр монголчуудаас огт хамааралгүй гээд байдаг нь ямар учир байна вэ? Мөн өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг орос хүмүүс ч цөөнгүй бий гэдгийг бодож үзсэн ч энэ асуудлын хариулт амархан олдох болов уу? 
2. Монголчууд яагаад бусад улс гүрнийг халдан довтолсон бэ? 
Монголчуудын хүсэл эрмэлзэл бол энх тайвнаар орших тогтнох явдал байв. Тиймдээ ч Чингис хаан овог аймгаа нэгтгэсний дараа оргож боссон босуулуудыг дарах зорилгоор цэрэг илгээж байв. Ингэж явахдаа шинэ газар нутгийг таньж, олон шинэ дайсантай ч болж байв. Тиймдээ ч байгуулсан эзэнт гүрнээ аюулаас хамгаалахын үүднээс хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ дипломат харилцаа тогтоож, эс болбол байлдан дагуулж байв.  Бусад өөр олон шалтгаан байсан нь ч лавтай. 
3. Монгол морьд 
Унгарын Томас Архидиакон Спалато хотын түүхд  гурван өдрийн турш тасралтгүй унасны дараа өчүүхэн өвс тэжээлд цаддаг хэмээн өгүүлжээ. Гэвч ийнхүү бичсэн нь монголчуудын морьдоо дайн тулаанд бэлдэх аргыг гадныхан мэддэггүй байсантай холбоотой юм. XIV зууны үед бичигдсэн Сү Жигаогийн И-юй бичигт  Монголчууд уулгалан дайрахаасаа өмнө морио нэгэн газар уяж, огт тэжээл өгдөггүй. Үүнийгээ сойх гэж хэлдэг. Морь тарган бол өөх мах нь зузаараад, уналгад тохиромжгүй. Ийнхүү уяж сойхоор дамжуулан тарга хүчийг нь тэнцүүлдэг. Морийг уяж сойхдоо бага төдий өвс ногоо идүүлж, морь унаа өлдөж сульдахаас сэргийлдэг байна хэмээн өгүүлжээ. Монголчууд агт морьдоо таргалуулсны дараа өл хоолыг нь сойж, тааруулан байлдаанд унадаг байжээ.Түүгээр ч барахгүй морьдыг дааган цагаас нь эхлэн дайн байлдаанд бэлтгэн тэсвэр тэвчээрт сургаж зэвийн буюу байлдааны морь болгон сургаж байсан юм. 
4.Газарзүйн мэдлэг 
Монголчууд ямарваа аян дайнд мордохын урьд туршуул цэргийг илгээж байв. Түүгээр ч барахгүй 1235 онд Орост довтолход Сүбээдэй жанжин удирдан оролцсон. Сүбээдэй жанжин өмнө  Зэв жанжны хамтаар 1221-1223 онд Хибчагийн тал нутгаар дайран өнгөрчээ. Тиймээс монголчууд Орост довтолход газар мэдэхгүйн зовлон, саад тотгор учрахгүй нь лавтай. Монгол хүний байгалиас заяасан газар нутгаа танин мэдэх, тандах арга ухааныг суурин соёл иргэншилтэй ард түмэн ойлгохгүй нь лавтай. 
5.Монголчууд эрдэмтэн мэргэдийг төрийн албанд ашиглаж байсан нь 
Тус баримтат кинонд өгүүлснээр Монголчуудын төрийн бүтэц зохион байгуулалт нь нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмний гаргаж ирж чадахгүй зүйл хэмээн дүгнэсэн байна. Магадгүй тийм байж ч болох юм. Тэгвэл монголчууд эдгээрийг хаанаас суралцсан бэ? Энэ асуултын хариулт маш энгийн бөгөөд тодорхой. Монголчууд төрдөө харь гаралтай эрдэмтэн мэргэдээс дэмжлэгийг авч байв. Жишээлбэл, Елүй Чуцай, Елүй Ахай, Махмуд ялавач, Масуд бег, Марко Поло, Ахмад Фанакати, Сангха гэх зэрэг олон арван эрдэмтэн мэргэдийг төр засахдаа ашиглаж байлаа. Түүгээр ч барахгүй Шинжлэх ухааны салбарт Насир ал-Дин ал-Туси зэрэг эрдэмтдийг тэтгэж байсан байдаг. 
6.Монголын нууц товчоо бол түүх уран зохиолын үнэт дурсгал мөн
Монголын нууц товчоог анх судалгааны эргэлтэн оруулснаас хойш Япон, Хятад, Орос, Америк, Франц, Монголын олон эрдэмтэд судалж шинжилсээр өдийг хүрчээ. Тэгвэл эдгээр судлаачдийн насан туршийн судалгаа нь ямар ч үнэ цэнгүй зүйл болж таарах уу? Монголчуудын өөрсдийн түүхийг бичиж тэмдэглэн авдарт хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийг зөвхөн алтан ургийн язгууртнууд л үзэх эрхтэй байсан хэмээн Рашид ал-Дин Судрын чуулгандаа дурдсан байдаг. Үүнээс үзвэл монголчууд түүхээ олон хувь хувилан бичиж тэмдэглэдэггүй магадгүй цор ганц үгүй юм аа гэхэд хэдхэн ширхэг л хувилдаг байсан бололтой. Тэрхүү цор ганц хувиуд устаж үгүй болсон тул монголчуудын түүх монгол бичгээр уламжлагдан ирээгүй нь бололтой. 
Монголын түүх дан ганц орос хэл дээр бус өөр олон хэл дээр буйг дурдвал Монголчуудын түүх зохиомол гэдгийг үгүйсгэх боломжтой. 
Рашид ал-Дины Судрын чуулган, Жувейнигийн Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Жао хуны Монгол татарын тэмдэглэл, Жан Дэ Хугийн Давааны араар жуулчилсан тэмдэглэл зэрэг олон бүтээл Монголын эзэнт гүрэн бодитоор оршин тогтнож байсныг илтгэнэ. 

Хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй бол Плано Карпини, Гийом де Рубрук, Раббан Саума, Ибн Баттута зэрэг аялагчид чухам хаанаас Монголын эзэнт гүрний тухай мэдээлэл олж тэмдэглэн үлдээв? 
Юуны учир Ромын пап хүртэл Монголын эзэнт гүрний гэх “үлгэр”-т итгэж элч төлөөлөгчөө илгээх болов гэсэн асуултанд хариулт гарч ирэхгүй.
 Учир нь Монголчууд хоёр зууны туршид дэлхийн олон улс орныг нэгтгэн захирч Орос хэмээх улсын үндэс суурийг нь тавьж өгсөн юм. 


Баримтат киноны холбоос: 



МУУХАЙ МОНГОЛ ХҮН БА ТҮҮХИЙН УЛБАА


Монгол залуучууд дэндүү увайгүй. Шүүмжлэл хүлээж авдаггүй, учир шалтгааныг нь мэдэхгүй байж хүнийг гүтгэж гүжирдэхдээ гаргууд ажээ. Ер нь залуучууд ч гэлтгүй монголчууд их муухай хүмүүс юм.
Хэн нэгнээ гүтгэж гүжирдэх, гутаан доромжлох, хэрүүл маргаан зэргээс сэтгэлийн цэнгэл авдаг бололтой юм. Нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэнэ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол хэмээн бодож үзсэний эцэст Монгол хүний энэ муухай зан монголчуудын түүхийн цаг үеийн турших гадныхны хатгаас, явуулгаас үүдэлтэй юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм.
Зарим хүмүүс өөрсдийнхөө бурууг гаднаас хайлаа гэж болох юм. Гэвч үнэн чанартаа Монгол хүмүүст ийм муухай авир зан угаас байгаагүй л болов уу? 100 жилийн өмнөх монгол хүн өнөөдрийн монгол хүн хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.  Монгол хүний хамгийн муухай араншин болох нэг нэгэндээ атаархах, нутаг усаараа талцах, үндэс угсаагаараа уралцах араншин 2000 гаруй жилийн турш бидний сэтгэхүйд нэвт шингэжээ.
АТААРХАЛ
Хан улсын зүгээс удаа дараалан явуулж байсан эд баялаг, хөрөнгө материалаар татах бодлого эцэстээ Хүннүгийн төрт улсыг мөхөлд хүргэсэн байдаг. Энэхүү хорт бодлогыг хожмын Мин улс ч үргэлжлүүлэн хоёр барсын ноцолдооныг уулан дээрээс харах буюу эд баялаг, хэргэм зэргээр шагнан монгол ноёдыг хооронд нь эвдрэлцүүлэн хүчийг нь сарниулан хагалан бутаргаж байв.
Монголын эзэнт гүрэн байгуулагдахын өмнөхөн болсон нэгэн үйл явдалд ч энэ байдал тодорхой хэмжээнд туссан харагддаг. Монголын нууц товчоонд өгүүлснээр Алтан улсын эзэн хаан Татарыг дарсны шагнал болгож Хэрэйдийн Тоорил ханд Ван цол, Чингис хаанд Жаутхури хэмээх цол олгож байсан нь нэг талаараа хэргэм зэргээр тэдний хооронд хагарал үүсгэх гэсэн санаархал байв. Учир нь энэхүү тулалдаанд Ван ханаас илүүтэй Чингис хаан илүү хүчин зүтгэлтэй оролцсон боловч Тоорилыг Чингис хаанаас өндөр хэргэмээр шагнасан нь яс хаях гэсэн зорилго ажээ.
Хүннү гүрнээс эхтэй энэхүү хорт бодлого хүчтэй хэрэгжиж чадалгүй явсаар Төв Азийн анхны нүүдэлчдийн төр улс болох Хүннү гүрнээс хойш 1600 орчим жилийн дараа л бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Учир нь 1400- гаад оны үеэс Баруун, Зүүн Монгол гэсэн улс төрийн хүчин зэрэгцэн орших болж эрх мэдэл булаалдах болжээ. Үүнийг нь Хятадын Мин улс овжноор ашиглан Баруун, Зүүн монголчуудтэй ээлжлэн холбоо тогтоож бэлэг сэлт өгөх замаар хооронд нь улам сөргөлдүүлэх болсон байна.
Жишээлбэл, Мин улсын Юнлэ хаан Ойрадын Махаму, Тайван, Батболд нарт цол хэргэм шагнаж өөртөө татахын хамт Яньцы мөрний хойноос зуугаад мянган хүнийг дайчлан олон тэрэг үйлдүүлэн өөрийн биеэр цэрэг удирдан Долоннуураар гарч Буяншир хааныг довтолсон тухай Мин улсын түүхийн сурвалжид өгүүлжээ.


Буяншир хаан 1412 онд Батула Чинсанд хороогдон улс орныг нэтгэн захирах бодлого төгсгөл болжээ. Энэхүү хагалан бутаргах бодлого нь үргэлжилсээр XVII зуун болж хөрш зэргэлдээ Зүрчид угсааны Манж Чин улс хүчирхэгжин гарч ирэхэд монголчууд шуудайнд хийсэн үхрийн эвэр лугаа өвөр зуураа жийлцсээр Алтан ургийн хааныхаа ч зарлигийг дагахгүй өөрсдийн дураар оршсоор байсан нь бусдын нөлөөнд амархан автах нэгэн нөхцөл болжээ. 
Энэхүү үзэл санааны зөрчил ингээд дуусгавар болсонгүй. 1911 оны хувьсгалын дараагаар ч тэр хувьсгалын удирдагчид хоорондоо сөргөлдөж бүгд бусдад хорлогдож нас барцгаасан. Гэтэл 10-аадхан жилийн дараа энэхүү үйл явдал дахин давтагдаж 1921 оны хувьсгалд оролцсон хүмүүсийг Оросын бодлогоор хагаралдуулж, эх орныхоо төлөө зүтгэж явсан хувьсгалын удирдагчиддаа “хувьсгалын эсэргүү” хэрэг тулгаж буудан хороов. Дараагаар нь ард олныг зүүнтэн, баруунтан хэмээн хоёр хувааж ядуу дорд гаралтай хэсгийг нь зүүнтэн хэмээн нэрлэж коминтерний зүгээс дэмжин засгийн эрхэнд гаргаж, хөрөнгөтөн хэсгийг нь баруунтан хэмээн хэлмэгдүүлж байлаа. Харин энэ удаагийн талцуулах бодлого урдаас биш хойноос буюу Оросоос эхлэлтэй байв. 
НУТГАРХАХ БУЮУ ҮНДЭС УГСАА
Энэ үзэл санаа магадгүй Манж чин улсын үеэс эхлэлтэй байж болох. Учир нь Манж чин улсын үед Халхын 7 хошууг 86 болтол нь жижиглэн нутгийн хил тогтоон өгчээ. Тиймдээ ч энэ л чиний нутаг энэ нутгаас нүүж болохгүй. Бусад аймаг хошууны нутагт дураар нүүдэллэхийг хориглосон нь  миний нутаг, манай нутаг гэсэн амин хувийн ашиг сонирхлыг бий болгожээ.
 
Одоо ч энэ үзэл санаа нь үргэлжилсээр. Өнөөдөр монголчууд улс дотроо аймгаар, аймагтаа сумаар, сумдаа багаар, баг дотроо голоороо хуваагдан талцах болсон цаг.
Үүн дээрээс нэмээд Халх, Ойрад хэмээн талцана. XX зуунаас өмнө монголчууд монгол гэх нэг цул бүхэллэг гэсэн ойлголт байсан бол XX зуунд угсаатны онолын дагуу монголчуудын хоорондын ялгааг судалж чи халх хүн ийм байх ёстой, чи дөрвөд хүн ийм байх ёстой хэмээн хувцас зүүсгэлээс нь эхлээд ялгаатай хэмээн ойлгуулах болсон явдал юм. Энэ тухай Доктор Мөнх- Эрдэнэ 1911 оны хувьсгалын ёгт үр дагавар / 
http://kok-tolboton.blogspot.com/2016/01/blog-post_25.html / өгүүлэлдээ тодорхой дурдсан тул энэ тухай дахин өгүүлэх нь илүүц биз ээ.
Орчин цагийн монголчууд дээрх хоёр үзэл дээрээс нэмээд шашин, улс төрийн намын байр сууриар хоорондоо хуваагдах боллоо.
Намууд нь ч түүхийг өмчлөх болсон ингэхдээ 1911 оны хувьсгалыг Ардчилсан нам мандуулан ярьж байхад эсрэгээрээ МАН, МАХН 1921 оны хувьсгалыг мандуулан ярьж нэг нь Богдыг, нөгөө нь Сүхбаатарыг тахин шүтэх болж. Бас түүнчлэн хаана боловсрол эмзэмшсэн бэ гэдгээрээ талцах аятай. Ажиглавал баруунд төгссөн хэсэг нь нэг фракц, европт тэр дундаа Орост боловсрол эзэмшсэн хэсэг нь нэг фракц болон талцаад байх шиг. 
Энэхүү түүхэн улбаа одоо ч үргэлжилсээр... 
Бас улам бүр баяжсаар... 
Нам засаг, аймаг сум, үндэс угсаагаараа талцаж сайн яваа нэгнээ татаж чангаах нь хэнд ашигтай гэж. Монголчууд хэзээ тамын тогооны үлгэрээс ангижрах вэ?


Ном уу? Үзмэр үү?

"Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг ч...

Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсон цаг үеэсээ дохио зангаагаар харилцан ойлголцож байсан бол хөгжлийнхөө явцад хад чулуун дээр сийлэн харилцаж байжээ. Энэ нь алсдаа бичиг үсгийн үндэс суурь болсон байна.
Үндэстэн угсаатнууд өөрсдийн гэсэн бичиг үсэг зохион хэрэглэх болсноор хоорондоо захиагаар харилцахын зэрэгцээ хойч үедээ сургамжлах, өөрсдийн амьдрал ахуй түүх соёлоо таниулах өвлүүлэн үлдээх үүднээс сударлан бичиж байсан нь “ном” хэмээх зүйлийн эхлэл болжээ.

Эрт цагт түүх, уран зохиолын бүтээлүүд төрөн гарч байсан бөгөөд ном бүтээл бий болохын хэрээр тэдгээрийг хадгалж хамгаалах шаардлага гарч байсан нь номын сан бий болох эхлэлийг тавьсан. Дэлхийн хамгийн эртний номын сан нь НТӨ VII дугаар зуун буюу одоогоос 2700 жилийн өмнө Ассирын хаант улсад байгуулагджээ.

Ном нь анхандаа зөвхөн язгууртнууд чинээлэг давхаргынхны хэрэглээ байсан бол Грек, Ромд академиуд байгуулагдсан үеэс боловсрол олохыг зорьсон хэн бүхэн уншиж танилцах боломжтой болсон юм. Гэвч ховор номнуудыг зөвхөн хаад язгууртнууд л хэрэглэж байв. Жишээлбэл, XIII зуунд Монгол хаад л зөвхөн хэрэглэх боломжтой байсан Алтан дэвтэр, Монголын нууц товчоо зэрэг олон бичиг судар байсан боловч цагийн эрхэнд зарим нэг нь үгүй болсон бол үлдэж хоцорсон ном судрыг хэн бүхэн унших боломжтой болжээ.

Эртний болон дундад зууны нийгэмд хүмүүс номыг бичсэнийхээ дараагаар олон хувилан тараахын тулд дахин дахин хуулбарлан бичдэг байсан байна. Үүнийг хялбарчлах арга нь барлах явдал байв. Бар гэдгийг орчин үеийн канон, сканнер зэрэгтэй адилаар ойлгож болно.

Барлах гэдэг нь мод зэрэг хатуу биет дээр сийлбэрлэн түүнийгээ будгаар будан дээрээс нь цаасаа тавьж хэвлэх арга юм. Энэхүү арга Египтэд НТӨ XVI зуунд анх үүссэн баримт байх ба Дорно дахинд НТ VI зуун, Өрнөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ. Хамгийн түгээмэл хэрэглэдэг аргад модон бар, төмөр бар, чулуун бар, цоолбор ордог. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, барласнаа бэхээр цаасан дээр дардас болгон буулгадаг байна.

Монгол улсад бурхны шашин дэлгэрэхэд Хятадаас анх орж ирсэн ба монголчууд барлах урлагийг нарийн зохиомжтой, олон тэргүүн, мутартай янз бүрийн бурхад бүтээхэд ашиглаж байжээ. Монголд 20 дугаар зууны эхэн үед Модон бар, Төмөр бар, Чулуун барын хэдэн зуун урлан байсан.
Орчин үед техник технологи хөгжиж ном сурах бичиг, сонин сэтгүүл зэрэг бүхий л зүйлсийг үйлдвэрт хэдэн мянгаар нь хэвлэх болжээ.

Хүн төрөлхтөн юуны учир ийнхүү ном судрыг бичиж тэмдэглэн үлдээж байна вэ? Мэдээж хэрэг хүмүүст, хойч үедээ мэдлэг мэдээлэл түгээх үүднээс сургамжлах үүднээс бичиж тэмдэглэдэг байхад зүгээр л хүмүүсийг түр зуур хөгжөөх зорилготой ном бүтээл ч байна.

Ном нь анхандаа зөвхөн хойч үеээ сурган хүмүүжүүлэх зорилготой байсан бол одоо түүнээсээ илүүтэй хүмүүсийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Чөлөөт цагаараа ном уншсанаар “pc” тоглоом зэрэг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тоглоомонд автахгүй байх, логик сэтгэлгээ хөгжих, хүмүүстэй зөв боловсон ярьж сурах зэрэг чадваруудыг эзэмшиж авдаг. Ном уншдаг хүний хэл яриа цэгцтэй байдаг. Тийм дээ ч гадаа гудманд явж буй залуусын хэлж буй үг, хоорондоо харилцаж буй ярианаас хэр зэрэг боловсон ном уншдаг хүн бэ гэдгийг таних бүрэн боломжтой.

Сүүлийн үед номыг уншхаасаа илүүтэй тавилга хэрэгсэл мэтээр ойлгох хүмүүс олшрох болсон. Зүгээр л бестселлер болж буй номуудыг хэдэн ботиор нь худалдан аваад ханын шүүгээндээ нар салхи үзүүлэлгүй, шилтэй хоргоны цаадах үзмэр болгох нь нэг талаар хөрөнгөлөг хэсгийнхний нэгэн ёсны чамирхал болсон гэлтэй. Тиймдээ ч номны үнэ зах зээл дээр багагүй нэмэгдээд байна.
Дэлхийн баячууд мэдлэг ховор номуудыг өндөр үнээр худалдан авах явдал ч байдаг аж. Жишээлбэл, 1994 онд The Codex LeicesterLeonardo Da Vinci буюу Да винчигийн Нууц код гэх бүтээл 30,8 сая ам доллар, 2007 онд Magna Carta буюу Агуу тунхаг гэх бүтээл 21,3 сая ам долларын үнээр худалдаалагдаж байсан байна. Гэхдээ энэ бүтээлүүд нь үнэхээр ховор нандин бүтээлүүд байж чадсан. Монголын нийгэмд ч энэ иймэрхүү үйл явдлууд давтагдахыг үгүйсгэхгүй.

ГЭХДЭЭ...

Өндөр үнээр зарагдаж буй номууд нь тийм ч хэрэгцээтэй ном байж чадахгүй. 313 мянган төгрөгний үнэтэй Монголчуудын түүх хэмээх 9 боть номыг худалдаж аваад гэртээ тавьчихвал орсон гарсан хүмүүс харахад өнгө үзэмж сайтай бас л боловсролтой гэр бүл мэт харагдана. Гэвч тэрхүү номоо өөрсдөө ч уншаагүй байх нь элбэг. Уншсан ч гэсэн хэнд ч хэрэггүй, энд тэндээс эвлүүлж зүйгээд биччихсэн үнэн чанартаа оюуны хулгайн бүтээл.
Түүгээр ч барахгүй түүхчид ч өөрсдөө ойлгоход түвэгтэй үг хэллэгтэй Монголын түүхийн бүхий л цаг үед зохиогдсон 30 боть номыг гэртээ тавьчихвал номын тавиур дүүрээд л явчихна. Гэхдээ бас л уншихгүй. Үзмэр болох нь дамжиггүй.

Энэ мэтчилэн ном гэдэг зүйлийг гэрийн эд хогшил тавилга мэтээр ойлгодог болсон цаг үед чанартай сайн бүтээлүүд нь номын дэлгүүрийн ширээн дээр тоосонд дарагдаж, сэтгэл хөөрөл, өнгө үзэмжээр бичсэн зохиолууд нь бестселлер болж, хэн ч ойлгохгүй ч хавтас өнгө үзэмж сайтай ном нь шилэн хоргоны үзмэр болсоор л байх нь.

Дүр эсгэлт үү? эсвэл

Хүмүүсийн амнаас монгол залуучууд хэтэрхий даруу, ноомой байна гэх үгийг олонтоо сонсож байлаа. Бусад орны оюутан залуучууд өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхлын төлөө жагсаж, цуглаж тэмцэж байдаг нь хүмүүсийг ингэж хэлэхэд хүргэсэн байх. Харин сүүлийн жилүүдэд монгол залуучуудын нийгмийн идэвх сэргэж байгаа бололтой. Гэвч энэхүү сэргэлт нь үнэхээр нийгмийн сайн сайхны төлөө юу гэдэг хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Учир нь олонд танигдаад ирэхээрээ аль нэг нам, улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцээд алга болчихдог иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн түүхийг л давтах зорилготой амин хувийн эрх ашгаа л бодсон хүмүүс байх шиг.
Өнгөрсөнд залуусын сэтгэлгээ ямар байсныг мэдэхгүй юм өнөөгийн монгол залуусын хувьд алдар нэр, ашиг хонжоо, баярхах бардамнах сэтгэлд дэндүү автчихсан байх шиг. Facebook, twitter зэрэг social media- гаар дүүрэн эх оронч хүмүүс харин үнэн чанартаа зүгээр л дүр эсгэгчид. Улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, эдийн засгийн мэдлэггүй хэрнээ сүржин сүржин пост, коммент бичиж байгаа залуусыг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Улс орны эдийн засаг хүнд байна, засгийн газар юу ч хийхгүй байна гэж ярих мөртлөө энэ тухай ямар ч мэдээлэлгүй зүгээр л хэн нэгэн этгээдийн үгэнд сохроор итгэж, даган дуурайж салбадай царайлах нь тэр залуусыг мэдлэгтэй, эх оронч, олны дунд нэр хүндтэй нэгэн мэт харагдуулдаг байж болох юм.
Тэр ч бүү хэл ном уншихдаа, худалдаж авахдаа гол анхаардаг зүйл нь доторх агуулга, баримт судалгаа гэхээс илүү хэн зохисон бэ гэдэг нь хамгийн гол шалгуур болдог бөгөөд зохиогч нь хэн бэ гэсэн асуултыг цаг үргэлж тавьдаг болж.

Олон нийтийн дунд нэр хүндтэй хүн хэлсэн ярьсан л бол үнэн, зөв гэсэн итгэл үнэмшил хэдийнээ залуусын дунд тогтоод удаж байна. Түүхийг гуйвуулсан, илт үзэл сурталжсан ном зохиолыг ихээр уншиж байна. Түүндээ этгээд хэт өрөөсгөл туйлширсан байдлаар хандацгаах юм. Facebook-ийн групп дээрх пост, комментийг харахад монгол залуучууд маш их завтай байдаг бололтой. Цаг үргэлж л ясаа булаацалдсан ноход шиг хэрэлдэж уралдаж, мэдлэгтэй харагдах гэж ядарцгаах юм. Түүгээр ч барахгүй олон нийтийн таашаалд нийцэж байгаа үзэл бодлоос зөрөх нь мэдлэг чадваргүй харагдуулах мэт санацгаах ажээ.
Магадгүй дэлхийн хамгийн баян иргэд монгол гэдгийг бид өөрсдөө ч мэддэггүй байх. Ухаалаг утас бариагүй хүнийг бараг л хүнд тооцхоо байжээ. Автобусанд ороод суухад л Iphone 4, 5, Samsung galaxy 5 авмаар байна гэж ярих хүмүүсийг харахад монголчууд хэрэглээ, гангараа хоёрыг ялгахаа байчхаад байгаа нь тодорхой харагдана. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зөв л дөө гэвч өөрсдийн амьдралын хэр хэмжээгээ огт мэдэхгүй байна. Үнэтэй утас, брэнд хувцас өмсөөд явж байвал идэх хоолтой байна уу үгүй юу, өртэй байна уу үгүй юу гэдэг нь огт хамаагүй бололтой. Сайхан утас барьснаараа мундаг хүн болчих юм шиг л хийсвэрээр сэтгэцгээх юм даа. Хүн байхын мөн чанар нь сайхан сэтгэл, нэгнээ хүндлэх хүндлэл байлтай гэвч бидний хувьд хүн байх нь тансаг бренд өмсөж, барьж, Хүннү молл (Hunnu mall) орохоос эхэлдэг бололтой.
Олон давхар баг зүүж явдаг хамилон адил залуучуудтай байхад хэзээ ч монголын улс төрд удирдах албан тушаалд жинхэнэ мэдлэг чадвараараа шигшигдэн шалгарсан хүн гарч ирэхгүй, чадах ч үгүй. Мэдлэг чадвартай нэг нь нам дагаж гүйдэггүй болохоор, алдар нэрэнд дурласан нэгэн нь бараг л сурагч наснаасаа нам дагаж далдганадаг болохоор мэдлэг чадвартай нь байрандаа байж, алдар нэрэнд дурласан нь төрд гарж түйвээдэг болох нь.
Социализмын үеийн хүмүүсийг гаднаас нь харахад нэг хэвэнд цутгачихсан мэт ижил хувцасладаг байсан гэдэг. Ингэхээс ч өөр аргагүй байсан гэтэл одоогийн залуучуудын сэтгэлгээ нэг хэвэнд цутгачихсан мэт баригдмал болж ямар нэгэн хувирал өөрчлөлтийг бараг л хүлээж авахгүй, хийрхэл, бардамнал, алдар нэрийн төлөөх хоосон дүр эсгэлт болон хувирчээ.

Monday, September 12, 2016

Г. Аюурзана “Тэнгэрийн судар”



- Уншигчийн тэмдэглэл-
Монголын Нууц Товчоон хэмээх түүх, уран зохиолын хосгүй бүтээл тэртээх XIII зуунд бичигдсэнээс хойш хятад ханзаар бичигдэж үлдээд П.Кафаров түүнийг олж дэлхий дахинд таниулах хүртэл Манжийн эзэн хааны ордны номын санд тоосонд дарагдаастай хэвтсээр уджээ. П.Кафаров Монголын Нууц Товчооныг олсон цагаас өдгөө хүртэл олон эрдэмтэн судлаачид өөрс өөрсдийн хэлнээ орчуулах, галиглах, нэр томьёоны тайлбар хийх, он цагийн зөв бурууг тогтоох, үйл явдлын логик дарааллын алдаа мадгийг шинжлэн судалснаас бус харин агуулга бичлэгийн талаар төдийлөн судалж үзээгүй бололтой.
 “Бараг анх удаа” (өөр ийм тайлбартай хувилбар гадаад дотоодод байдаг эсэхийг мэдэхгүй) Монголын Нууц Товчооны бичлэгийг бусад улс орны түүхэн зохиол, домог мэдээ сэлттэй харьцуулан судалж сонирхолтой дүгнэлт гаргалгаа гаргасан бүтээл нь Г. Аюурзанын Тэнгэрийн судар бүтээл болжээ.
Сайны хажуугаар саар гэдэгчлэн зохиогч Тэнгэрийн судар бүтээлээ өөрийн үзэл бодлоо баримтаар баталгаажуулахыг зорьсон нь зарим нэг ташааралд хүргэжээ. Тэр бээр Бөрт Чино хэмээх нь үнэн чанартаа Шаньюйн шаньюй буюу Монголчуудын угсаа гарлыг эртний Хүннү улстай холбосон гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Учир нь Бөртэ Чино чухам хэдий цаг үед амьдарч байсан нь мэдэгдэхгүй эргэлзээтэй байдаг төдийгүй зарим судлаачид 750-аад оны орчим амьдарч байсан бодит хүн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Г.Аюурзана дээрх дүгнэлтийг гаргахдаа Бөртэ Чино хэмээх үгийн гарал үүсэл, үгийн хувирал дээр түлхүү ажиллажээ. Гэвч зүйл нь Алтайн язгуурын хэлнүүдэд хоорондоо ижил төсөөтэй үг их байдаг гэдгийг анхаарууштай. Миний бие хэл шинжлэлийн хүн биш тул тэр бүр нарийн ширийн зүйлсийг ухаагүй байж болох талтай. Мөн нүүдэлчдийн домогт аливаа овог угсаа аймгийг үндэслэгч нь бодит хүн байдаг учрыг анхаарууштай. Гэвч миний өгүүлэх үндсэн асуудал энэ биш тул орхиж цааш үргэлжлүүлье.
Аюурзанын бүтээлд нэгэн сонирхолтой дүгнэлт буй нь Дува сохор хоньчин, Добу мэргэн анчин байсан хэмээн гаргасан явдал юм. Магад ч үгүй.
 Үүнтэй уялдуулан Дува сохорын хөвгүүд Добу мэргэнийг охин нүүж Дөрвөд овогтон болсныг дээрх дүгнэлтээр тайлбарлаж болох мэт. Монголын Нууц Товчоонд өгүүлдэгчлэн Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн

"Тэмүжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт
Хоол болтугай
Хориггүй бишүү   хэмээснээс үүдэн Жамуха Тэмүжин нар салж  нүүсэн билээ.
Үүнээс үзвэл Дува сохрын хөвгүүд Добу мэргэн ахаа орхиж Дөрвөд овогтон болсон шалтгаан нь  хэдий ах дүүсийн эв найрыг бодон  амьдрахыг хүсэвч анчин гөрөөчний нэгэн адил хонь малаа уул толгодоор бэлчээрлүүлэн амьдрах  боломжгүй юм. Добу мэргэн ч анчин хүмүүн тул хээр талд амьдрах боломжгүй тул амьдралын шаардлагаар хагацан нүүсэн байж болох талтай.
Энэ мэт  сонирхолтой санаа цөөнгүй байх боловч (андуурч ташаарсан зүйл бас бий) зохиогч бүтээлээ эшлэх хийгээд санааг өөр бүтээлд ашиглахыг хориглосон тул  түүнээс өөр хүн түүний  санааг баяжуулах, дэлгэрүүлэн судлах боломжгүй болжээ.


                                                                                         С. Ууганбаяр





Sunday, September 11, 2016

Монгол улсын шастирт дурдагдсан эфү нарын тухайд


Аливаа улсуудын эвтэй найртай оршин тогтнохын үндэс нь улс төрийн гэрлэлт буюу худ ургийн холбоо байсан юм. XVII зуунд Манж Чин гүрэн хүчирхэгжин мандаж хөрш зэргэлдээ овог аймгуудын байлдан дагуулахын зэрэгцээ худ ургийн холбоо тогтоож холбоотон болж байв.
Манж Монголчуудын худ ургийн холбоо XVII зууны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд Хорчины ноён Ууба өөрийн охиноо Нурхачид охин өгснөөр эхэлжээ.
Харин Халхын ноёдын хувьд манжийн хаан хүргэн болох явдал нь Халх Манж Чин улсад даган орсон үеэс эхлэлтэй. Халхын ноёдоос хамгийн түрүүнд Түшээт хан чин ван Дондовдорж Манж Чин улсын хүргэн буюу “эфү” болжээ. Түүнээс хойш Түшээт хан аймгийн Дархан засгийн хошуу, Сайн ноён хан аймгийн Сэцэн вангийн хошууны 10 засаг ноён манжийн хааны эфү болсон байна. 
Эфү
Тайлбар
Пүнлүү (Дайчин улсын бүгд хууль 79 дүгээр дэвтэр)
Эфү нар
1
Улсын эфү
Улсын гүнж буюу хааны төрсөн охинд ураг холбосон хүнийг хэлнэ.

Чин ван Дондовдорж
Цэвээннэрин
Лавандорж
2
Төрийн эфү
Төрийн гүнж буюу Төрийн жүн вангийн охинд ураг холбосон хүнийг хэлнэ.
Төрийн абхайн тавнанд буюу Төрийн эфүд нэг жилд олгох пүнлүү нь 50 лан мөнгө, 5 хуй торго ,  олгох ба морь 20, хос морь 4-ийг эзэмшүүл

3
Хошой гүнжийн Хошой эфү
Хошой гүнж буюу хааны тэжээсэн охинд ураг холбосон хүнийг хэлнэ.


Хошой абхайн тавнанд нэгэн жилийн пүнлүү болгож 100 лан мөнгө, 8 зах торго  олго, морь 25, хос  морь 6-г эзэмшүүл
Цэвээннэрин
Хаявдорж
Цэвдэндорж
4
Хошой эфү
Хошой чин вангийн охинд ураг холбосон хүнийг хэлнэ.
5
Төрийн бэйлийн эфү
Төрийн бэйл болон хошууны бэйсийн охинд ураг холбосон хүнийг хэлнэ.
Төрийн абхайн тавнанд буюу Төрийн бэйлийн эфүд нэг жилд олгох пүнлүү нь 40 лан мөнгө, 4 хуй торго ,  олгох ба морь 20, хос морь 4-ийг эзэмшүүл
Чин ван Наянт


Түшээт хан аймгийн Дархан засгийн хошууны ноёдын тухай Монгол улсын шастирт дурдсан нь
1.      [Хошой эфү] Дондовдорж, Энх- Амгалангийн 31 дүгээр он хошой Түлиен гүнжид холбосон
2.      Хаявдорж (Дондовдоржийн ахмад хөвгүүн), Урьд хичээнгүй амирлангуй гүнжид холбосон
3.      Цэвдэндорж (Хаявдоржийн хоёрдугаар хөвгүүн), Урьд бэйсийн зэрэг олгуулж хошой гэгээд холбуулжээ.
4.      Сүндэвдорж (Цэвдэндоржийн ахмад хөвгүүн), Тэнгэрийн тэтгэсний 47 дугаар он урьдах холбосон гүнж өвчнөөр үгүй болсон тул түүний отгон дүү сул угсаа Юн сэүгийн отгон хүүхэнд холбуулжээ.
5.      Лүбүүдорж, Монгол улсын шастирт гүнж, гэгээтэй ураг холбосон тухай мэдээ байхгүй (Түүний хөвгүүн Дэлэгдоржийн намтарт “Төр гэрэлтийн 26 дугаар он Дэлэгдоржийн эх гэгээ өвчнөөр үгүй болсон” хэмээн өгүүлжээ.)
6.      Дэлэгдорж (Лүбүүдоржийн хөвгүүн), Төр гэрэлтийн 17 дугаар он угсаа жүн вангийн төрсөн дүү гэгээд холбожээ.

Сайн ноён аймгийн эфү нарын тухай Монгол улсын шастирт дурдсан нь
1.      Цэвээннэрин, Энх-Амгалангийн 45 дугаар он Шулуун чин үнэмлэт гүнжид холбож хошой эфү болгожээ. Найралт төвийн 10 дугаар онд улсын эфү болгожээ.
2.      Цэрэн
3.      Лавандорж (Цэнгүнжавын долдугаар хөвүүн), Тэнгэрийн тэтгэсний 36 дугаар он Найртай Амирлангуй гүнжид холбож, улсын эфү болгожээ.
4.      Наянт, Бадаргуулт төрийн 10 дугаар он төрийн бэйлийн эфү болгожээ. 
Дээрх засаг ноёдоос
-          Манжийн эзэн хааны төрсөн охинд ураг холбосон эфү 3
-          Хошой гүнж буюу хааны тэжээсэн болон хошой чин вангийн ураг холбосон эфү 3
-          Төрийн бэйлийн эфү нэг байгаа бол үлдсэн гурван эфү нь тодорхойгүй байна.

Монгол улсын шастирт эфү Дондовдоржийг хошой Түлиен гүнжид холбосон хэмээн өгүүлсэн бол Түүний хөвүүн Хаявдоржийг Хичээнгүй Амирлангуй гүнжид холбосон хэмээн өгүүлжээ. Гэвч үнэн хэрэгтээ Дондовдоржийг Хичээнгүй Амирлангуй гүнжид холбосон бөгөөд Дондовдорж болон Хаявдорж нарын хатдыг сольж андууран бичсэн байна. Хаявдоржтой ураг холбосон гэх Хичээнгүй Амирлангуй гүнж нь түүний эх болно.