Монголын
Нууц Товчоон хэмээх түүх, уран
зохиолын хосгүй бүтээл тэртээх XIII зуунд бичигдсэнээс хойш хятад ханзаар бичигдэж үлдээд
П.Кафаров түүнийг олж дэлхий дахинд таниулах хүртэл Манжийн эзэн хааны ордны
номын санд тоосонд дарагдаастай хэвтсээр уджээ. П.Кафаров Монголын Нууц
Товчооныг олсон цагаас өдгөө хүртэл олон эрдэмтэн судлаачид өөрс өөрсдийн
хэлнээ орчуулах, галиглах, нэр томьёоны тайлбар хийх, он цагийн зөв бурууг
тогтоох, үйл явдлын логик дарааллын алдаа мадгийг шинжлэн судалснаас бус харин
агуулга бичлэгийн талаар төдийлөн судалж үзээгүй бололтой.
“Бараг анх удаа” (өөр ийм тайлбартай хувилбар гадаад дотоодод байдаг
эсэхийг мэдэхгүй) Монголын Нууц Товчооны бичлэгийг бусад улс орны түүхэн зохиол, домог мэдээ сэлттэй
харьцуулан судалж сонирхолтой дүгнэлт гаргалгаа гаргасан бүтээл нь Г. Аюурзанын
Тэнгэрийн судар бүтээл болжээ.
Сайны хажуугаар саар гэдэгчлэн зохиогч Тэнгэрийн судар бүтээлээ өөрийн үзэл
бодлоо баримтаар баталгаажуулахыг зорьсон нь зарим нэг ташааралд хүргэжээ. Тэр бээр Бөрт Чино хэмээх нь
үнэн чанартаа Шаньюйн шаньюй буюу Монголчуудын угсаа гарлыг эртний Хүннү улстай
холбосон гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Учир нь Бөртэ Чино чухам хэдий цаг
үед амьдарч байсан нь мэдэгдэхгүй эргэлзээтэй байдаг төдийгүй зарим судлаачид
750-аад оны орчим амьдарч байсан бодит хүн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Г.Аюурзана
дээрх дүгнэлтийг гаргахдаа Бөртэ Чино хэмээх үгийн гарал үүсэл, үгийн хувирал
дээр түлхүү ажиллажээ. Гэвч зүйл нь Алтайн язгуурын хэлнүүдэд хоорондоо ижил
төсөөтэй үг их байдаг гэдгийг анхаарууштай. Миний бие хэл шинжлэлийн хүн биш тул
тэр бүр нарийн ширийн зүйлсийг ухаагүй байж болох талтай. Мөн нүүдэлчдийн домогт
аливаа овог угсаа аймгийг үндэслэгч нь бодит хүн байдаг учрыг анхаарууштай. Гэвч
миний өгүүлэх үндсэн асуудал энэ биш тул орхиж цааш үргэлжлүүлье.
Аюурзанын бүтээлд нэгэн сонирхолтой дүгнэлт буй нь Дува
сохор хоньчин, Добу мэргэн анчин байсан хэмээн гаргасан явдал юм. Магад ч үгүй.
Үүнтэй уялдуулан
Дува сохорын хөвгүүд Добу мэргэнийг охин нүүж Дөрвөд овогтон болсныг дээрх
дүгнэлтээр тайлбарлаж болох мэт. Монголын
Нууц Товчоонд өгүүлдэгчлэн Тэмүжин Жамуха хоёр янаг найртай
байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны
тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр,
тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн
"Тэмүжин анд
аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя
Хоньчин хургачин
нарт
Хоол болтугай
Хориггүй бишүү хэмээснээс үүдэн Жамуха Тэмүжин нар салж нүүсэн билээ.
Үүнээс үзвэл Дува
сохрын хөвгүүд Добу мэргэн ахаа орхиж Дөрвөд овогтон болсон шалтгаан нь хэдий ах дүүсийн эв найрыг бодон амьдрахыг хүсэвч анчин гөрөөчний нэгэн адил
хонь малаа уул толгодоор бэлчээрлүүлэн амьдрах
боломжгүй юм. Добу мэргэн ч анчин хүмүүн тул хээр талд амьдрах боломжгүй
тул амьдралын шаардлагаар хагацан нүүсэн байж болох талтай.
Энэ мэт сонирхолтой санаа цөөнгүй байх боловч (андуурч ташаарсан зүйл бас бий) зохиогч бүтээлээ эшлэх хийгээд санааг өөр
бүтээлд ашиглахыг хориглосон тул түүнээс
өөр хүн түүний санааг баяжуулах,
дэлгэрүүлэн судлах боломжгүй болжээ.
С. Ууганбаяр
No comments:
Post a Comment