СҮХБААТАРЫН УУГАНБАЯР
Showing posts with label Шүүмж. Show all posts
Showing posts with label Шүүмж. Show all posts

Sunday, October 22, 2017

ШҮҮМЖ: Төрд ивээгдсэн ч түмэнд гологдох түүхийн бүтээл

                            ~О.Нямдаваа, Иран дахь Монгол өв соёл номын шүүмж~


Тэтгэвэрт гарсан хүн бүр “түүхч” болчихдог хэмээн манай нэг эрдэмтэн тун онож хэлжээ. Үнэхээр л тэтгэвэртээ гарсан хөгшчүүд, тэр дундаа нам төрийн удирдах албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд өөрсдийн намтар дурсамж, орон нутгийн түүхээр ном бүтээл туурвих боллоо.  Өөрийн ажил хөдөлмөрийн туршлага, орон нутгийн түүхээ хойч үедээ таниулан мэдүүлэх нөр их хөдөлмөрийг нь үнэлэхгүй байхын аргагүй.
Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн өөрийн сурсан мэдсэн, үзсэн дуулсан дульмагхан мэдлэгээ “мэдлэгийн их далай” гэж андуурсан хүмүүс мэр сэр байх ажээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 5-нд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр доктор О.Нямдаваагийн “Иран дахь Монгол өв соёл”  хэвлэгдэн гарчээ. Тус бүтээл нь Илхаант улсын түүх, Илхаант улсын уран барилга, Илхаадын зоос, Илхаадын бичиг захидал, Илхаант улсын шашин гэсэн 5 бүлгээс бүрдэнэ. 

“Нүсэр” том уг бүтээл эхний хуудаснаасаа эхлээд л үг үсэг, найруулгын алдаа, ойлголтын зөрүү, зургийн буруу тайлбарууд хөврөх ажээ. Дипломат ёсны нэгэн чухал зүйл бол аливаа улс орны зочид төлөөлөгчид, хамтран ажиллаж буй хүн, хамт олны нэрийг зөвөөр бичих явдал.  Гэтэл олон жил элчин сайдын үүрэг гүйцэтгэж явсан О.Нямдаваа гуай Иран улсын ерөнхийлөгчийн нэрийг буруу бичсэн нь тун тоогүй. Иран улсын ерөнхийлөгч болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын зургийн тайлбарт Махмуд Ахмаденижад (Mahmoud Ahmadenijad) ерөнхийлөгчийн нэрийг Хасан Роухани хэмээн буруу бичсэн байгаа юм. Махмуд Ахмаденижад 2005-2013 оны хооронд Иран улсын ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд Хасан Роухани 2013 оноос Иран улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад нар, 2012
Ийм байтал тус бүтээлийг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Хоёр талын хамтарсан судалгааны хүрээнд” гарч байна хэмээн номын өмнөх үгэнд өгүүлжээ. Гэтэл тус бүтээлд Ираны талаас хэн нэгэн судлаач оролцоогүй байна. 
Номын зохиогч бүтээлийнхээ чимэглэл зурагт Баисунгурын шахнамен чимэглэл зургуудыг ашигласан байна. Гэвч зохиогч маань Баисунгурын шахнаме гэж чухам ямар бүтээл болохыг ч ойлгоогүй бололтой. Баисунгурын шахнаме, Их Монгол шахнаме, Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зургуудыг хооронд нь ангилалгүй цөмийг нь Баисунгурын шахнаме хэмээн нэрлэжээ. Түүгээр ч барахгүй 1280-иад оны үед Юань гүрэнд зурагдсан “Хубилай хааны ан хийж буй нь” зургийн хэсгийг Баисунгурын шахнамен
зураг хэмээсэн нь тун гайхалтай. 
Перс номын чимэглэл зураг нь Монголын эзэнт гүрэн тэр дундаа Ил хаант улсын үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн билээ. Их Монгол шахнаме тууль нь агуулгын хувьд Ираны эртний хаад Тураны хаадтай байлдсан тухай бөгөөд зохиогдсон он цаг нь НТ 1000-аад онд хамаарна. Харин номын чимэглэл зураг нь XIV зуунд холбогдоно. Хэдийгээр Их Монгол шахнаме туулийн чимэглэл зурагт эртний иран тураны хаадыг монгол хувцастай дүрсэлсэн байдаг ч энэхүү зураг, үйл явдал нь монголчуудтай холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл Их Монгол Шахнамен зурагт монгол хаадыг дүрслээгүй гэсэн үг. 
Тиймээс номын 16 дүгээр хуудсаны зурагт Хүлэгү хан армийнхаа тэргүүн эгнээнд, Монгол Шахнаме,Баисунгур хэмээн тайлбар хийсэн буруу. 
Харин Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зураг нь Монголчуудтай холбогдох бол Баисунгурын шахнаме тууль нь он цагийн хувьд XV онд холбогдоно. Төмөрийн угсааны Баисунгур Мирзагийн зарлигаар Баисунгурын шахнамег бүтээх ажил 1426 онд эхэлж 1430 оны орчим дуусжээ.  Тус шахнамег бүтээхдээ өмнөх Их Монгол шахнамег шууд хуулбарлалгүй хэд хэдэн хуучны гар бичмэлүүдийг харьцуулан үг хэллэгийг “орчин үеийн” болгох чимэглэл зургуудыг шинээр зурах зэрэг ажлуудыг хийсэн байна. Гэвч энэ нь мөн л монгол хаадтай холбогдолгүй юм. Тиймээс Их Монгол шахнаме болон Баисунгурын шахнамен чимэглэл зураг дахь хаад ноёдын зургийг монгол хаадын нэрээр оноон нэрлэх нь зохимжгүй юм. Түүгээр ч барахгүй перс номын чимэглэл зураг нь хаана бүтээгдсэнээсээ шалтгаалаад зургийн арга барил дүрслэл нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Гэтэл Иран дахь Монгол өв соёл номд Баисунгурын шахнамен зураг гэх нэрээр орсон зургууд нь арга барил дүрслэлүүдийн хувьд асар их ялгаатай байгаа нь нэг бүтээлийн чимэглэл зураг биш болохыг харуулж байна.


Шахнаме туулийн чимэг зураг
Судрын чуулганы чимэг зураг


Баисунгурын шахнамен чимэг зураг
Тус бүтээлийн 16,39 дүгээр хуудасны зургууд нь Байсунгурын шахнамен чимэглэл зураг бус Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зураг юм. Түүгээр ч барахгүй 134 дүгээр хуудасны “Газан хаан коран судар уншиж буй” зургийг “Хасан хан Куран Монгол гэрт сууж буй нь “Сударын чуулган” ном уншиж буй нь” хэмээн нэрлэжээ. Гэтэл Судрын чуулган Өлзийт хаан (1304-1316)-ы үед зохиогдож дууссан юм. Тэгэхлээр Газан хаан(1295-1304) хэрхэн Судрын чуулганыг уншиж чадах билээ дээ. 
Түүгээр ч барахгүй тус бүтээл нь судалгааны бүтээл гэхээсээ судалгааны бүтээлүүдээс шууд хуулбарлан авч ашигласан судлаачдын бүтээлийг эмхэтгэсэн бүтээл гэж үзвэл зохино. Учир нь нэр томьёоны хувьд тогтсон зүйл байхгүй бөгөөд нэг үгийг 2-3 янзаар бичсэн байх нь элбэг. Жишээлбэл, Абу Са’ид Бахадур, Абу Сайд, Абу Сайд Баатар гэхчилэн олон янзаар бичжээ. Абу Са’ид хаан хаан 1317-1330 оны хооронд Илхаант улсыг захирч байсан юм. Гэтэл тус бүтээлийн 152-153 дугаар хуудсанд Абу Са’ид хааны зооснуудын хамаарах оныг 1419, 1425, 1433 он гэжээ. О.Нямдаваа гуайнхаар бол Абу Са’ид хааныг нас барснаас хойш 100 жилийн дараа ч түүний нэрээр зоос дэлдэж байсан болж таарах нь. Зоос бол тухайн бүс нутгийг хэн захирч буй нь илэрхийлэл эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм. Гэтэл 1335 оноос сүр хүчин нь бууран үгүй болсон Илхаант улсын сүүлчийн эзэн хааны нэрээр 100 жилийн дараа зоос дэлдэнэ гэдэг байж боломжгүй зүйл юм. Сатибег, Суляман, Ануширван нарын зоосыг ч мөн адил тэдний амьдарч байсан цаг үеэс нэгэн зууны дараа дэлдэгдсэн мэтээр дурджээ. 
Энэ бүх он цагийг андууран бичсэн гэхэд бэрхтэй. Тиймээс хэвлэлийн алдаа гэж үзвэл эрхэм номын редактор академич Д.Цэвээндорж гуай үүнийг хянаж залруулах ёстой баймаар. Тэр үнэхээр мэдэхгүй байв уу эсвэл тоомжиргүй хандав уу? Үг үсэг, найруулга, ойлголтын андуу байдлыг хянаж засварлах ёстой хүмүүс бол номын редакторууд байдаг. Гэтэл монголд редактор гэдэг үг “чимэглэл” төдий зүйл болон хувирчээ. Учир нь таньдаг томоохон эрдэмтнийхээ нэрийг редактор гээд тавьчихад уншигч түмэн сайн бүтээл гэж ойлгоно. Худал хуурмагаар дүүрэн бүтээлийг худалдан авч уншина. Тэгээд бүр ерөнхийлөгчийн тамгийн газрын дэмжлэгээр хэвлэлээ гэвэл бүр ч их сонирхох нь лавтай. 
Тус бүтээлийн хавсралт хэсэгт Д. Анхбаяр, Ц.Энхчимэг зэрэг гадаад дотоодын 10 орчим эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүллийг шууд хуулбарлан оруулсан нь судалгаа хийсэн гэхээсээ илүүтэй бусдын бүтээлийг эмхэтгэсэн төдий зүйл. Бүхэл бүтэн 100 хуудас материалыг бусдаас шууд хуулбарлан авч ашиглана гэдэг байж боломгүй хэрэг юм. 
Ямартаа ч эл бүтээл нь хоёр талын судалгааны хүрээнд хэвлэгдэн гарсан гэхээсээ илүүтэй О.Нямдаваа докторын өмнө нь гаргасан Ил хаад, Ил хант улс (Ил хант улс номын шүүмж -http://www.ikon.mn/n/j61) зэрэг номыг эмхэтгэж найруулсан ядмагхан хувилбар болох нь тодорхой байна. 
О.Нямдаваа, Иран дахь Монгол өв соёл номын хуудас
Энэ мэтчилэн алдаа мадаг ихтэй, хэн нэгэн “сайн дурын” судлаачийн сэтгэлийн хөдлөлөөр хандсан бүтээлийг төр засаг дэмжин хэвлүүлсээр байх уу? Энэхүү бүтээл 2017.07.05-ны өдөр Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс номын сүүдэр дор “чоно борооноор” гэгчээр Төрийн ордонд нээлтээ хийгээд авсан сурагтай. 
С.Ууганбаяр 

Wednesday, August 16, 2017

Үндэстний онцлогоо ойлгохсон

Түүхийг үгүйсгэхээс урьд ойлгох хэрэгтэй бус уу? 

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэвч одоо хүн бүр бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. “Мэддэг байх” гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг оролддог болж. Тэр дундаа түүхийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлах нь хэрээс хэтэрлээ. Тэдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй филосифич С.Молор-Эрдэнэ. Би түүний ярьдаг философийн онолыг мэдэхгүй болохоор шүүмжилж чадахгүй. Уншигч олон түүнийг эрлийз хурлыз, солио өвчтэй эсвэл агуу филосоифич хэмээн өргөмжилж байна. Гэвч эрхэм С.Молор-Эрдэнэ аль нь болохыг би бас л мэдэхгүй. Учир нь би сэтгэл судлаач, генетикч биш. Гэвч би бага боловч “Түүх” гэх шинжлэх ухааныг гадарлана. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр С.Молор-Эрдэнэ философичийн үгүйсгээд буй түүхийн тухай товчхон өгүүлэхийг зорьлоо.
С.Молор-Эрдэнэ Чингис хаанд бидэнд юу ч бүтээж өгөөгүй хот ч байгуулаагүй гэжээ. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?
Монгол гэх үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог хийгээд, тэдгээрийг байлдан дагуулж чадсан арга ухаан чухам юу байв. Энэ бол хурд, монгол цэргийн гавшгай байдал. Үүний гол эх үүсвэр нь адуун сүрэг. Хэрэв Чингис хаан том хот байгуулан монголчууд хотод бөөгнөрөн суусан бол юу болох байсан бол. Суурин суугаад мал маллана гэдэг бол үнэндээ үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил зүйл. Суурин суусан монголчууд газар тариалан эрхлэхээс өөр замгүй. Монгол орны уур амьсгалыг бодолцвол хангалттай ургац авах боломжгүй.
Тэгвэл хүнсний хомсдлоо хэрхэн нөхөх вэ? Одоогийнхтой адил хүнс тэжээлийн тусламж, бүр цаашлаад экспорт, импорт гэх зүйл байхгүй үе шүү дээ. Шавар байшинд бөөгнөрөн суусан монгол цэргүүд хятадруу довтолж хүнс дээрэмдэж ирнэ гэдэг бол үлгэрийн далай.
Хятадууд нүүдэлчдийг захирч байгаагүй нь нэг талаараа “суурин хот” байгаагүйтэй холбоотой. Дайсан этгээд их цэргийн хүчээр дайран ирэхэд нь зугтаад л гарчихна. Энэ тухай хятадын түүхэн сурвалжуудад ч мэдээ бишгүй дээ л бий. Энэ үйл явц олон мянган жилийн туршид үргэлжилсэн. Үүнийг ч Чингис хаан мэдэж байсан нь лавтай. Тэр цагт Монгол нутаг томоохон хот байгуулж шавар тагзанд шамбааралдан суух нь Монгол гэх үндэстнийг мөхөөх аюулд ч хүргэж болох байв.
Монголчууд хот байгуулж байгаагүй гэж үү? Байгуулсан бол хаана байгуулав?
Алтан Орд улсын Сарай- Бат, Сарай-Бэрх, Ил хаант улсын Султаныя, Юань улсын Шанду, Даду хотууд тэгвэл хэн байгуулсан болж таарах вэ? Монгол хаадын зарлигаар эдгээр хотыг байгуулсан нь эрхэм философичийн хүсээд байдаг цаасан дээр бичээтэй бий шүү дээ. Монголчууд хэрэгтэй боломжтой бүс нутгуудад хот сууринг байгуулж байсныг, тэдгээр хот суурины туурийг бид одоо ч харж болно.
С.Молор-Эрдэнэ докторын дурьдсан хоёр дахь асуудал бол “Монгол гэрт амьдрахад хэцүү бараг л боломжгүй, боломжтой байлаа ч одоогийн бүс нутагт бус говиос өмнө л амьдарч байсан болов уу” гэсэн дүгнэлт. Хамгийн ойрхон жишээ дурдвал С.Молор-Эрдэнэ доктор өөрөө Төв аймгийн Жаргалант сумын уугуул гэнэ билээ. Энд түүний өвөг эцэг монгол гэрт амьдраад л ирсний хүчинд энэ хүн хорвоод мэндэлчихээд яваа гэдгээ ойлгодоггүй л юм байх даа.
“Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй.” нь Чингис хааны нэгэн алдаа гэнэ.

Хэн үзэл санаа бий болгож дэлгэрүүлдэг вэ?
Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонафарт ард түмэндээ Күнзийн нэгэн адил итгэл үнэмшил үнэт зүйлсийг ард түмэндээ бий болгож өгсөн үү? Тийм зүйл үгүй л болов уу.
Харин ч Чингис хаан “Нэгдсэн Монгол” улсын үзэл санааг монголчуудад суулгаж өгсөн юм. Энэ үзэл санаа XX дугаар зууны II хагасыг хүртэл үргэлжилж байсныг түүх бага боловч уншдаг хүн бүр мэдмээр. Энэхүү нэгдсэн монголын төлөөх үзэл санаа XX зууны II хагаст их гүрнүүдийн бодлогоор таслагдаж, одоогийн жалга довны үзэл илүүтэй дэлгэрсэн юм.
Тэгвэл Күнз гэж хэн бэ? Күнз бол Платон, Аристотель бас Молор-Эрдэнэ гуайн нэгэн адил сэтгэгч. Үзэл санааг сэтгэгчид боловсруулж хаад хэрэгжүүлдэг жамтай. Гэтэл манай философич нэгдсэн нэг үзэл санаа бахархал төлөвшүүлэх бус монгол гэх үндэстний онцлог нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж гадны улс орнуудтай харьцуулан ярьж буй нь даанч харамсалтай. Түүхийг үгүйсгэх бус ойлгох, ойлгуулах хэрэгтэй юмсан.
Хамгийн харамсалтай зүйл гэвэл “Монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү” гэсэн Молор докторын гэнэн агаад тоомжиргүй яриа. Нууц товчооноос давж гарч үзээгүй л хүн байна шүү дээ эрхэм философич маань. Ингэж хэллээ гээд түүхч биш философич гээд өмөөрөх хүн гарах л байх. Тийм юм бол философио ярь л даа. Судрын чуулган, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Нум сумтан ард түмний түүх, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гээд тоочоод байвал тоо томшгүй түүх сурвалжууд байна. Чингис хааныг монголчууд зохиож гаргаж ирсэн юм биш шүү дээ. Дэлхийн дахин түүнийг тодруулж гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл тэр хийсэн гавьяатай хүн болохоор. Чингис хааныг хоёрдахь мянганы шилдэг хүнээр монголчууд тодруулаагүй юм шүү дээ.

Эрхэм философичоос асуух асуулт.
Та америкчууд Авраам Линкольныг, Англичууд Артур хааныг, Италичууд Юлий Цезарийг, Хятадууд Цин ши Хуандиг, Оросууд Их Петрийг харсан гэж бодож байна уу? Тэд хараагүй болохоор тэд байгаагүй гэсэн үг үү?
Танд хамаатуулаад асуувал, та хуланц өвөг өө харж байсан уу? Харж байгаагүй бол танд өвөг дээдэс гарал угсаагүй байхгүй гэсэн үг үү? Тэгвэл та хаанаас ирсэн бэ?
С.Ууганбаяр


Tuesday, October 25, 2016

"Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг мөн үү

“Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза” наадмын 8 номинацын 6-г нь хүртэж байсан удаатай бөгөөд өнөөг хүртэл жил бүр Улсын драмын эрдмийн театрын нээлтийн тоглолтуудад тавигдсаар байна. МУИС-ын багш, ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг “Бүхэл бүтэн романы дайтай энэ жүжиг орчин үеийн монгол уран зохиолын жүжигийн салбар, нэн ялангуяа түүхэн жүжгийн салбарт шинэ нэрийн хуудас, түүхэн зүйн томоохон туршлагыг бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.

Thursday, October 20, 2016

Түүхийг үнэнээр нь бичье зохиолчид оо


Ихэнх хүмүүс түүхэн гэх тодотголтой уран зохиолын ном уншаад л түүхийг мэдчихлээ, ойлгочихлоо гэж боддог. Сүүлийн жилүүдэд залуучууд түүхэн уран зохиол руу хошуурах болж номын дэлгүүрүүдийн бэстселлэрийг түүхэн уран зохиолууд өнгөлөх болсон. Түүнийгээ дагаад түүхэн уран зохиол туурвих “зохиолчид”-ын тоо ч багагүй нэмэгдэж байна. Тэдтүүхийг энгийнээр тайлбарлаж түүхчдийн орон зайг нөхөж буй мэтээр өөрсдийгөө ойлгож, эрдэмтэн мэргэдийнхээ нөр их судалгааны ажилд түшиглэсэн энэхүү номоо туурвилаа гэх сүржин агаад итгэл төрүүлэхүйц үгээр номоо эхлүүлнэ.
Яг ийм ард түмэнд түүхэн үнэнийг толилуулах гэгээн хүслээр туурвигдсан нэгэн түүхэн романы тухай энд өгүүлэх гэж байна. Энэ бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч С.Эрдэнэчимэгийн “Ил хаан Өлзийт” хэмээх бүтээл. Энэхүү бүтээл нь зохиолч С.Эрдэнэчимэгийн хоёр дахь бүтээл бөгөөд өмнө нь “Ил хаан Хүлэгү” гэх түүхэн роман бичсэн ажээ. Номын дэлгүүрүүдэд нэлээд элбэг харагддаг тэр номыг сонирхож хараагүй юм. Саяхан саваагүй зан хөдлөөд хоёр дахь роман болох“Ил хаан Өлзийт” номыг Интерном номын дэлгүүрт зогсонгоо гүйлгэж харсан юм.

Wednesday, September 21, 2016

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН ОРШИН ТОГТНОЖ БАЙГААГҮЙ ГЭЖ ҮҮ?


Чингис хаан- Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат киноны шүүмж


XIII зуунаас монголчууд хүчирхэгжин Солонгосын хойгоос Зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутгийг эзлэн эзэнт улсуудаа байгуулж байсан билээ. Тиймээс ч Чингис хааныг монгол бус түрэг, тэр дундаа казак хүн байсан, мөн Юань улсыг Хятадын төрт улс гэхчилэн түүхийг илт гуйвуулан бичих явдал цөөнгүй байдаг. 
Гэтэл сүүлийн үед Орост Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, энэ бол хэн нэгэн этгээд уран зөгнөлөөрөө зохиосон зүйл, Монголын нууц товчоо бол ямар ч үнэ цэнгүй зохиол гэх үзэл гарч байна. 
Жишээлбэл, Оросын Чингис хаан-Хууран мэхлэлтийн хоёр зуун баримтат кинонд Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ 
-200 гаруй жил Оросыг колончилсон атал яагаад одоогийн орос хүмүүст монгол төрх үлдсэнгүй вэ? Түүнчлэн монголчуудын ДНК яагаад оросуудаас илрэхгүй байна вэ? 
-Монголчууд ямар зорилготой Русь буюу Орос руу халдан довтолсон бэ? 
-Үнэн хэрэгтээ монгол морьд, цэргүүд энэ хол замыг туулаад ирлээ гэхэд цааш аялан байлдах чадваргүй болтлоо ядрах байсан. 
-Ямар ч газрын зураггүйгээр, таньж мэдэхгүй газраар монголчууд давшин ирэх ямар ч боломжгүй.
-Монголчуудын төрийн бодлого нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн гаргаж чадах бодлого биш
-Монголын нууц товчоо үнэ цэнтэй зохиол бус, Монголчуудын түүх зөвхөн харь орны хэл дээр бичигдсэн гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн авч үзжээ. 
Энэхүү баримтат киног ЕTV телевиз монгол орчуулан хүргэсэн билээ. Үүний дараа сайтуудад тавигдсан энэхүү баримтат киноны доорх сэтгэгдэлд нэгэн эрхэм “Unen zuil bichjee Chinges khaan gedeg bol ulgeriin l baatar Khezee neg tsagt iim shinjlekh ukhaanii undesleltei nyatsaalt garch irj bna”  [https://www.dorgio.mn/post/36547, 2016.01.05, 09:50]  гэсэн байна. Энэ мэтчилэн түүхээ буруу ойлгох, үл итгэх явдал хүмүүсийн дунд гарч болзошгүй. 
 Тэгвэл эдгээр асуудлууд нь Шинжлэх ухааны үндэстэй няцаалт болж Монголын эзэнт гүрэн байгаагүй гэдгийг баталж чадах уу, няцаалт олдохгүй гэж үү? Мэдээж хэрэг олдоно.
1.Монголчуудын ДНК
Генетикчид 2000 оноос Монгол хаадын буюу Чингис хааны У-ДНК судалгааг хийх болсон. 2003 онд Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монголын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол улсыг тойрсон Азийн 16 улс үндэстний 26 угсаатны бүлгээс У-ДНК шинжилгээг авч тэр дунд 15 маркер дээр хамгийн их давтагдаж байгаа 8%-ийнх нь У-ДНК кодыг Чингис хааных гэж The American journal of human genetic сэтгүүлд нийтэлжээ. Эндээс харахад дэлхий дээр Чингис хааны угсааны 16 сая орчим хүн амьдарч байгаа нь тодорхой байна.
 ОХУ-ын Эрүүл мэндийн яамны наркологийн судалгааны төвийн ажилтан Владимир Нужный  Москва хотын бор дарсанд дурлагсдын 50 %-аас илүү нь Монгол ген агуулсан байсныг судалгаагаар тогтоожээ.
Генетикийн судалгаагаар Монголчуудын удам угсаа олон улс оронд оршин амьдарсаар байгаа нь тогтоогдсон. Гэтэл оросуудад Монгол ген огт байхгүй гэсэн атал бор дарсанд дурлагсдыг судлахад монгол гентэй хүмүүс байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Бор дарсанд донтогсдоо монголчуудын хойчис гээд бусад зүйл дээр монголчуудаас огт хамааралгүй гээд байдаг нь ямар учир байна вэ? Мөн өөрсдийгөө Монгол гаралтай гэдэг орос хүмүүс ч цөөнгүй бий гэдгийг бодож үзсэн ч энэ асуудлын хариулт амархан олдох болов уу? 
2. Монголчууд яагаад бусад улс гүрнийг халдан довтолсон бэ? 
Монголчуудын хүсэл эрмэлзэл бол энх тайвнаар орших тогтнох явдал байв. Тиймдээ ч Чингис хаан овог аймгаа нэгтгэсний дараа оргож боссон босуулуудыг дарах зорилгоор цэрэг илгээж байв. Ингэж явахдаа шинэ газар нутгийг таньж, олон шинэ дайсантай ч болж байв. Тиймдээ ч байгуулсан эзэнт гүрнээ аюулаас хамгаалахын үүднээс хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ дипломат харилцаа тогтоож, эс болбол байлдан дагуулж байв.  Бусад өөр олон шалтгаан байсан нь ч лавтай. 
3. Монгол морьд 
Унгарын Томас Архидиакон Спалато хотын түүхд  гурван өдрийн турш тасралтгүй унасны дараа өчүүхэн өвс тэжээлд цаддаг хэмээн өгүүлжээ. Гэвч ийнхүү бичсэн нь монголчуудын морьдоо дайн тулаанд бэлдэх аргыг гадныхан мэддэггүй байсантай холбоотой юм. XIV зууны үед бичигдсэн Сү Жигаогийн И-юй бичигт  Монголчууд уулгалан дайрахаасаа өмнө морио нэгэн газар уяж, огт тэжээл өгдөггүй. Үүнийгээ сойх гэж хэлдэг. Морь тарган бол өөх мах нь зузаараад, уналгад тохиромжгүй. Ийнхүү уяж сойхоор дамжуулан тарга хүчийг нь тэнцүүлдэг. Морийг уяж сойхдоо бага төдий өвс ногоо идүүлж, морь унаа өлдөж сульдахаас сэргийлдэг байна хэмээн өгүүлжээ. Монголчууд агт морьдоо таргалуулсны дараа өл хоолыг нь сойж, тааруулан байлдаанд унадаг байжээ.Түүгээр ч барахгүй морьдыг дааган цагаас нь эхлэн дайн байлдаанд бэлтгэн тэсвэр тэвчээрт сургаж зэвийн буюу байлдааны морь болгон сургаж байсан юм. 
4.Газарзүйн мэдлэг 
Монголчууд ямарваа аян дайнд мордохын урьд туршуул цэргийг илгээж байв. Түүгээр ч барахгүй 1235 онд Орост довтолход Сүбээдэй жанжин удирдан оролцсон. Сүбээдэй жанжин өмнө  Зэв жанжны хамтаар 1221-1223 онд Хибчагийн тал нутгаар дайран өнгөрчээ. Тиймээс монголчууд Орост довтолход газар мэдэхгүйн зовлон, саад тотгор учрахгүй нь лавтай. Монгол хүний байгалиас заяасан газар нутгаа танин мэдэх, тандах арга ухааныг суурин соёл иргэншилтэй ард түмэн ойлгохгүй нь лавтай. 
5.Монголчууд эрдэмтэн мэргэдийг төрийн албанд ашиглаж байсан нь 
Тус баримтат кинонд өгүүлснээр Монголчуудын төрийн бүтэц зохион байгуулалт нь нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмний гаргаж ирж чадахгүй зүйл хэмээн дүгнэсэн байна. Магадгүй тийм байж ч болох юм. Тэгвэл монголчууд эдгээрийг хаанаас суралцсан бэ? Энэ асуултын хариулт маш энгийн бөгөөд тодорхой. Монголчууд төрдөө харь гаралтай эрдэмтэн мэргэдээс дэмжлэгийг авч байв. Жишээлбэл, Елүй Чуцай, Елүй Ахай, Махмуд ялавач, Масуд бег, Марко Поло, Ахмад Фанакати, Сангха гэх зэрэг олон арван эрдэмтэн мэргэдийг төр засахдаа ашиглаж байлаа. Түүгээр ч барахгүй Шинжлэх ухааны салбарт Насир ал-Дин ал-Туси зэрэг эрдэмтдийг тэтгэж байсан байдаг. 
6.Монголын нууц товчоо бол түүх уран зохиолын үнэт дурсгал мөн
Монголын нууц товчоог анх судалгааны эргэлтэн оруулснаас хойш Япон, Хятад, Орос, Америк, Франц, Монголын олон эрдэмтэд судалж шинжилсээр өдийг хүрчээ. Тэгвэл эдгээр судлаачдийн насан туршийн судалгаа нь ямар ч үнэ цэнгүй зүйл болж таарах уу? Монголчуудын өөрсдийн түүхийг бичиж тэмдэглэн авдарт хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийг зөвхөн алтан ургийн язгууртнууд л үзэх эрхтэй байсан хэмээн Рашид ал-Дин Судрын чуулгандаа дурдсан байдаг. Үүнээс үзвэл монголчууд түүхээ олон хувь хувилан бичиж тэмдэглэдэггүй магадгүй цор ганц үгүй юм аа гэхэд хэдхэн ширхэг л хувилдаг байсан бололтой. Тэрхүү цор ганц хувиуд устаж үгүй болсон тул монголчуудын түүх монгол бичгээр уламжлагдан ирээгүй нь бололтой. 
Монголын түүх дан ганц орос хэл дээр бус өөр олон хэл дээр буйг дурдвал Монголчуудын түүх зохиомол гэдгийг үгүйсгэх боломжтой. 
Рашид ал-Дины Судрын чуулган, Жувейнигийн Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Жао хуны Монгол татарын тэмдэглэл, Жан Дэ Хугийн Давааны араар жуулчилсан тэмдэглэл зэрэг олон бүтээл Монголын эзэнт гүрэн бодитоор оршин тогтнож байсныг илтгэнэ. 

Хэрэв Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй бол Плано Карпини, Гийом де Рубрук, Раббан Саума, Ибн Баттута зэрэг аялагчид чухам хаанаас Монголын эзэнт гүрний тухай мэдээлэл олж тэмдэглэн үлдээв? 
Юуны учир Ромын пап хүртэл Монголын эзэнт гүрний гэх “үлгэр”-т итгэж элч төлөөлөгчөө илгээх болов гэсэн асуултанд хариулт гарч ирэхгүй.
 Учир нь Монголчууд хоёр зууны туршид дэлхийн олон улс орныг нэгтгэн захирч Орос хэмээх улсын үндэс суурийг нь тавьж өгсөн юм. 


Баримтат киноны холбоос: 



Monday, September 12, 2016

Г. Аюурзана “Тэнгэрийн судар”



- Уншигчийн тэмдэглэл-
Монголын Нууц Товчоон хэмээх түүх, уран зохиолын хосгүй бүтээл тэртээх XIII зуунд бичигдсэнээс хойш хятад ханзаар бичигдэж үлдээд П.Кафаров түүнийг олж дэлхий дахинд таниулах хүртэл Манжийн эзэн хааны ордны номын санд тоосонд дарагдаастай хэвтсээр уджээ. П.Кафаров Монголын Нууц Товчооныг олсон цагаас өдгөө хүртэл олон эрдэмтэн судлаачид өөрс өөрсдийн хэлнээ орчуулах, галиглах, нэр томьёоны тайлбар хийх, он цагийн зөв бурууг тогтоох, үйл явдлын логик дарааллын алдаа мадгийг шинжлэн судалснаас бус харин агуулга бичлэгийн талаар төдийлөн судалж үзээгүй бололтой.
 “Бараг анх удаа” (өөр ийм тайлбартай хувилбар гадаад дотоодод байдаг эсэхийг мэдэхгүй) Монголын Нууц Товчооны бичлэгийг бусад улс орны түүхэн зохиол, домог мэдээ сэлттэй харьцуулан судалж сонирхолтой дүгнэлт гаргалгаа гаргасан бүтээл нь Г. Аюурзанын Тэнгэрийн судар бүтээл болжээ.
Сайны хажуугаар саар гэдэгчлэн зохиогч Тэнгэрийн судар бүтээлээ өөрийн үзэл бодлоо баримтаар баталгаажуулахыг зорьсон нь зарим нэг ташааралд хүргэжээ. Тэр бээр Бөрт Чино хэмээх нь үнэн чанартаа Шаньюйн шаньюй буюу Монголчуудын угсаа гарлыг эртний Хүннү улстай холбосон гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Учир нь Бөртэ Чино чухам хэдий цаг үед амьдарч байсан нь мэдэгдэхгүй эргэлзээтэй байдаг төдийгүй зарим судлаачид 750-аад оны орчим амьдарч байсан бодит хүн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Г.Аюурзана дээрх дүгнэлтийг гаргахдаа Бөртэ Чино хэмээх үгийн гарал үүсэл, үгийн хувирал дээр түлхүү ажиллажээ. Гэвч зүйл нь Алтайн язгуурын хэлнүүдэд хоорондоо ижил төсөөтэй үг их байдаг гэдгийг анхаарууштай. Миний бие хэл шинжлэлийн хүн биш тул тэр бүр нарийн ширийн зүйлсийг ухаагүй байж болох талтай. Мөн нүүдэлчдийн домогт аливаа овог угсаа аймгийг үндэслэгч нь бодит хүн байдаг учрыг анхаарууштай. Гэвч миний өгүүлэх үндсэн асуудал энэ биш тул орхиж цааш үргэлжлүүлье.
Аюурзанын бүтээлд нэгэн сонирхолтой дүгнэлт буй нь Дува сохор хоньчин, Добу мэргэн анчин байсан хэмээн гаргасан явдал юм. Магад ч үгүй.
 Үүнтэй уялдуулан Дува сохорын хөвгүүд Добу мэргэнийг охин нүүж Дөрвөд овогтон болсныг дээрх дүгнэлтээр тайлбарлаж болох мэт. Монголын Нууц Товчоонд өгүүлдэгчлэн Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн

"Тэмүжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт
Хоол болтугай
Хориггүй бишүү   хэмээснээс үүдэн Жамуха Тэмүжин нар салж  нүүсэн билээ.
Үүнээс үзвэл Дува сохрын хөвгүүд Добу мэргэн ахаа орхиж Дөрвөд овогтон болсон шалтгаан нь  хэдий ах дүүсийн эв найрыг бодон  амьдрахыг хүсэвч анчин гөрөөчний нэгэн адил хонь малаа уул толгодоор бэлчээрлүүлэн амьдрах  боломжгүй юм. Добу мэргэн ч анчин хүмүүн тул хээр талд амьдрах боломжгүй тул амьдралын шаардлагаар хагацан нүүсэн байж болох талтай.
Энэ мэт  сонирхолтой санаа цөөнгүй байх боловч (андуурч ташаарсан зүйл бас бий) зохиогч бүтээлээ эшлэх хийгээд санааг өөр бүтээлд ашиглахыг хориглосон тул  түүнээс өөр хүн түүний  санааг баяжуулах, дэлгэрүүлэн судлах боломжгүй болжээ.


                                                                                         С. Ууганбаяр





Wednesday, September 7, 2016

Баабар ингэж өгүүлдэг буюу Оюуны хулгай (plagiarism)

1990 он гарсаар хүн бүхэн “яаж ч болно” хэмээх ойлголттой болж ном бичих нь түгээмэл болсон бөгөөд энэ цаг үед Баабар хэмээх нэгэн эрхэм Монголчууд: Нүүдэл, суудал хэмээх “бүтээл” гаргажээ. Түүний бүтээл 1996, 2006, 2009, 2016 онуудад дахин хэвлэгдэж уншигч олон ч түүнийг нь шимтэн унших болов. 

Тэрбээр удалгүй өөрийн гаргасан бүтээлдээ эрдэж бардсан уу? Монголын түүхчдийг мэдлэг чадваргүй, хоцрогдсоноор нь цоллох болсон. Түүгээр ч барахгүй залуучууд монголын түүхчид Баабарын дайтай бичиж чадахгүй байна.Тэр ч бүү хэл Баабар мэтийн шилдэг сэхээтнээ ад үзэж байна гэх болсон. Саяхан иймэрхүү агуулгатай нийтлэлийг нэгэн (надтай хамт түүхийн ангид хамт сурч байсан. Гэвч төгсөлгүй өөр сургуульд шилжсэн залуу бичжээ) сайтаас уншсан юм. Тухайн нийтлэлд Баабар, Ц.Оюунгэрэл нар бол монголын тэргүүний сэхээтэн гэх утгатай үгс бичжээ.
Би Баабарын бүтээлийг харамсалтай нь сөхөж ч үзээгүй явсан байна. Тиймээс тэрхүү хамт суралцагчийн минь хэлсэнтэй адил Баабар үнэхээр тэргүүний сэхээтэн юм бол би ч бас түүний бүтээлээс уншаад үзвэл зүгээр юм болов уу хэмээн  Монголчууд: Нүүдэл, суудал гэх бүтээлийг уншихаар шийдсэн юм.
Уншиж эхлэхэд Баабарын энэхүү бүтээлийг өмнө нь уншиж байгаагүй боловч үг хэллэг, логик дараалал зэрэг нь нэг л танил өмнө нь уншиж байсан мэт мэдрэмжийг төрүүлэв.
Анхандаа түүхийн ерөнхий мэдээлэл болохоор бусад судалгааны бүтээлтэй төстэй зүйл байх нь гарцаагүй хэмээн бодсон боловч унших тусам Ж.Саундерсийн Монголын байлдан дагуулал (Улаанбаатар, 1992) номыг эрхэм түүхч, биологич, улс төрч, нийтлэлч Баабар маань ишлэх бус харин хуулан, өөрийнхөөрөө найруулж бичсэн байх бөгөөд ганц өгүүлбэр бус бүхэл бүтэн бүлэг сэдвээр нь хулгайлсан оюуны хулгай (plagiarism) байх юм.
Тэрбээр ишлэлээ хагас дутуу авсан байх бөгөөд Удиртгал бүлэг болох “Плано Карпинигийн авсан даалгавар” хэсэгт Ж.Саундерсийн, Монголын байлдан дагуулал номын 102 дугаар хуудаснаас ишлэсэн тухай ганцхан удаа дурджээ. 
Гэтэл үнэн чанартаа “Плано Карпинигийн авсан даалгавар” (11-15) хэмээх нь Ж.Саундерсийн бүтээл дэх “Загалмайтантай үзэлцсэн нь” (102-108) бүлгийг бүхэлд нь хуулбарласан болж таарлаа.
Түүгээр ч барахгүй “Түрэгийн эзэнт улс” (41-42),  “Түрэгийн мөхөл” (42-44) хэсгүүд нь Монголын байлдан дагуулал номын “Монголын байлдан дагуулал Түрэгийн үеэс бэлтгэгдсэн нь” (26-29,33-36) бүлгээс шууд хуулбарлан товчилж бичсэн болох нь тодорхой харагдаж байна.
Ганцхан жишээ татахад Ж.Саундерс “Нүүдэлчдийн ноёрхлын 2000 жилийн туршид Азийн малчин зарим хаад эдийн засгийн ашгийг хайхардаггүй байлаа.
Харин худалдаа болон үйлдвэрлэгчдийг дээрэмдэн тонохоос алба гувчуур татахыг илүүд үзэх, зам харгуйг хяналтанд авах, их замын дээрэмчдийг дарах, худалдаачдын ирж очихыг хөхүүлэн урамшуулах зэрэг нь улс гүрэн болон овог аймгийг өөд нь татахад найдвартай арга мөн гэдгийг хамгийн хэрцгий зэрлэг аймаг ч  тэрхэн үедээ сайн ухаж байлаа” (Ж. Саундерс, 1992:27.) хэмээн бичсэнийг Баабар товчлон найруулж “Нүүдэлчдийн ноёрхлын 2000 жилийн түүхийг харж байхад Азийн нүүдэлчдийн зарим хаан эдийн засгийн шууд ашгийг хайхардаггүй байжээ.
Тэд худалдаачин болон үйлдвэрлэгчийг тонон дээрэмдсэнээс алба гувчуур байнга татахыг илүүд үзэж зам харгуйг хяналтандаа авах, их замын дээрмийг зогсоох, худалдаачны хөдөлгөөний, хөхиүлэх зэргийг илүүтэйд үзэж байлаа” (Баабар, 2009:42.) хэмээн бичжээ. Баабар нүүдэлчдийн түүхийг “харж байхад” хэмээн өөрийн дүгнэлт мэтээр тэгэхдээ Ж. Саундерсийн тухай нэг ч зүйл дурдалгүй авч ашигласан нь яахын аргагүй оюуны хулгай мөн.
Зохиогч Монголын эзэнт гүрний холбогдолтой бүлгүүдийг бичихдээ хэтэрхий хураангуйлахын зэрэгцээ хаанаас хэнээс ишилснээ бараг л дурдаагүй бөгөөд энд тэнд “чимэглэл” болгож иш татсан байна. Түүний огт ишлэл дурдаагүй “Чингис хааны өв,” “Чингисийн цэргийн тактик,” “Чингис хааны ухаалаг удирдлага” зэрэг бүлгүүд дотор Ж. Саундерсаас эрээ цээргүй хулгайлсан зүйлс олон байна.  
Түүгээр ч барахгүй эрхэм түүхч маань галиг гэх зүйл бараг мэддэггүйгээс гадна нэр томьёо нь ч уншигчийг төөрөгдөлд оруулахаар байгаа юм. Жишээлбэл, Алтан улсыг зохиогч Чин буюу шууд Chin хэмээн бичсэн байна. Chin гэх бичиглэлийн хувьд Qing буюу Манж Чин улстай андуурагдаад байхгүй боловч Чин гэх крилл бичиглэл нь Чин улстай (1644-1911) андуурагдаж болохоор байна.
Зүрчидийн Алтан улсын нэрийг Англи хэлнээ нэгэнт Jin (Орос хэлэнд Цин, Цзин гэх мэтээр бичигддэг бөгөөд энэ бичлэг нь монгол хэлнээ буухад эртний хятадын Цин улстай андуурагдаж болохоор байдаг) хэмээн галиглаж тогтсон байтал юуны учир Chin хэмээн галигласан нь тодорхойгүй. Түүгээр ч барахгүй Тангуд улс (Xi Xia)-ыг His Hsia хэмээн галигласан байна.
Мөн Хорезм улсыг Хорезмын вант улс, Хорезмын шагт улс хэмээн нэрлэн бичсэн нь ташаа юм. Учир нь Хорезмын султаныг Мухаммад шах хэмээдэг боловч албан ёсоор султан хэмээн нэрлэдэг мөн Хорезмийг ван захирч байгаагүй тул вант улс гэх нэршил нь мөн л оновчгүй зүйл. Харин Хорезмын султант улс эсвэл Хорезм улс хэмээн нэрлэх нь зүйтэй.
Баабар Тэмүүжин хэмээх нэрийг “Төмөр жин” буюу “Төмөр хүн” гэсэн утгатай үг хэмээн тайлбарласан байна. Түүнийхээр бол жин гэдэг нь хүн гэсэн утгатай хятад үг ажээ.
Гэвч үнэн чанартаа хятад хэлэнд Хүн гэх нь “жин” бус “рин” ажээ. Түүгээр ч барахгүй Жин гэдэг нь хятадаар Алт гэсэн утгатай болохыг бид Зүрчидийн Алтан (Jin) улсын нэрээс тодорхой мэднэ.
Энэ бүх худал дүгнэлтүүдийг магадгүй “эрхэм түүхч” Баабар өөрөө гаргасан байж болох юм. Үгүй юм аа гэхэд хэн нэгний бүтээлээс утга учрыг нь ойлголгүй хулгайлан оруулсан болов уу?
Тус ном нэмэн засварласан хувилбараар 2006, 2009, 2016 онуудад дахин хэвлэгдсэн боловч нэг их шинэчлэл засвар оруулаагүй бололтой. Учир нь тэрбээр Хамаг Монголыг Хамаг Монгол аймаг хэмээн нэрлэсэн нь ташаа ойлголт бөгөөд энэ тухай 2006 онд Ж. Гэрэлбадрах Хамаг Монголыг (Гэхдээ Хамаг монгол бус Монгол улс) улс байсан тухай дурдсан байдаг.
Гэтэл үүнийг зохиогч олж үзсэнгүй юу? Эсвэл дахин хэвлэлтэндээ засвар оруулахыг хүссэнгүй юу бүү мэд. Эсвэл тэр өөрийгөө түүхчдээс илүү гэж үздэг болохоороо тоосонгүй юу.
Цааш өгүүлэхдээ тэрбээр Тоорил ханыг Европчууд Престер Жон (Баабар Престер Ионн гэж бичсэн байна) хэмээх ойлгох болсон нь  Зүрчидийн Алтан улсаас ван цол өгсөнтэй холбоотой гэжээ.
Тэрбээр “үүнийг оросын Иван гэдгээр дамжин Латины Ионн гэсэн загалмайтны нэр болгон ойлгосноос уламжлаад зэрлэг нүүдэлчинтэй эхнээсээ үзэлцсээр байсан загалмайн Ионн хэмээх хутагтын тухай домог бий болжээ” (Баабар, 55) хэмээн өгүүлжээ.
Баабарынхаар бол Престер Ионн бус Престер Жоны домог Хэрэйдийн Ван хантай холбоотой үүсэн болж таарах нь. Гэтэл зохиогч “Чингис хаанаас өмнө Хар хятаны Гүр хаан лалуудыг сүйтгэхэд Ромын пап түүнийг шууд Престер Ионн хэмээн нэрлэж байв” (Баабар, 85) гэсэн байна.
Дээрх хоёр өгүүлбэрийн үзэл санаа илэрхий зөрчилдөж байна. Энэ бол зохиогч энд тэндээс цуглуулж, нийлүүлж, хулгайлж бичсэнийг тодорхой харуулна.  Ямартаа ч Престер Жоны домог Ван ханаас урьд үүссэн бөгөөд Ван хэмээх үг Иван-Ионн болон европт танигдсан гэх нь өрөөсгөл зүйл юм.
Тэрбээр үргэлжлүүлэн Монголын улс төрийн бутралын үеийн түүхийг дурдахдаа Халх, Ойрад гэх хоёрхон жижиг дэд сэдэв төдийхнөөр дурдсан байна. Үндсэндээ бол 300 жилийн түүхийг 2 хуудсанд багтаасан гэсэн үг. Зохиогч юуны учир энэхүү бүлгийг ингэж хураангуйлах болов.
Магадгүй түүнд хуулаад, найруулаад биччих бүтээл олдоогүй болов уу? Энэхүү үе бол монголын түүхийн хамгийн бага судлагдсан хийгээд одоо ч маргаан дагуулсан олон асуудлууд бүхий үе юм.
Энэ мэтчилэн өгүүлбэл хэт нуршсан болж мэдэх ч орхиж боломгүй зүйлс ч мөн байх юм. Баабар “Умардын зэрлэгүүд” хэмээн байн байн дурдах ч Их Монгол улсаас өмнө оршиж байсан нүүдэлчдийн тухайд мөн л алга дарамхан зай гаргаж чингэхдээ нэрт түүхч Г.Сүхбаатар, дээр дурдсан Ж. Саундерсийн бүтээлүүдийг эрээ цээргүй хулгайлжээ.
Түрэгийн дараа хүчирхэгжин мандсан Уйгур улсын тухай өгүүлэхдээ ердөө 10 мөрийг зориулсан байх бөгөөд тэндээ “Уйгур буюу нэгдэх, хамтрах гэсэн утга бүхий нэртэй овгийнхон ...” хэмээж ингэхдээ ямарч ишлэл зүйлт хэрэглээгүй нь түүний олж тогтоосон нэр гэсэн ойлголтыг өгч байна.
Угтаа Уйгурын уг удмыг IV-V зууны Тоба улсын хятад бичгийн сурвалжид Гаочэ, Гаогюй гэж нэрлэсэн нь өндөр дугуйтай тэрэг хэрэглэн нүүдэллэдэг байснаас үүдэлтэй хэмээн үздэг. Мөн Дили, Тэлэ гэх зэргээр ч нэрлэж байсан бөгөөд V зууны үеэс Хуй хэ, Ойхор, Уйгур нэрээр сурвалжид тэмдэглэх болсон тухай бидний ярьж заншсанаар Монголын түүхийн 5 боть хэмээх бүтээлийн I ботийн 333-р талд өгүүлсэн буй.
Ганц Уйгур ч бус Киргиз, Хятан хэмээх гурван улсын тухай хэсэгт ямар ч ишлэл зүйлтгүй явсанаа уг сэдвийн төгсгөлд Куркчи А.И, Гумилев Л.Н Хар домог  гэсэн байгаа нь тэр чигт нь уг номоос хууллаа гэсэн үг биз ээ.
Мөн Баабар “924 онд монгол угсааны Хятан нар хиргисийг дээд Енисей хүртэл үлдэн хөөснөөс хойш энэ нутагт түрэг угсааныхан дахин хэзээ ч ноёлоогүй юм” гэжээ. Энэ бол томоохон эндүүрэл бөгөөд “...хятанчуудыг Монгол нутагт орж ирэхэд киргизүүд Монгол нутагт байгаагүй нь тодорхой байна” хэмээн түүхч П.Дэлгэржаргал 2014 хэвлүүлсэн “Монголын эртний улсуудын түүхийн үечлэлийг дахин нягтлах нь” өгүүлэлдээ дурдсан байдаг бөгөөд үүнийхээ шалтгааны хэн ч ойлгохоор тайлбарласан байгаа.
Баабарын уг номонд Хүннү, Дотоод Ази, Төв Ази, Умард Хятадад зэрэгцэн оршиж байсан Сяньби угсааны 3 улсын тухайд ч мөн томоохон эндүүрэл үргэлжилнэ. Энэ үеийг угтаа Хятадын түүх бичлэгт ч “Умардын таван аймгийн 16 улсын үе” хэмээн нэрлэдэг бөгөөд 220-349 он хүртэлх үеийг хамаардаг.
Эдгээр умардын улсууд нь Сяньби угсааны есөн улс, Хүннү угсааны гурван улс байсан талаар түүхч П.Дэлгэржаргал мөн л дурдсан буй. Нүүдэлчид Хятадад ноёрхлоо тогтоож байсныг Хятадын түүх бичлэгт өөрийн болгон бичиж, мушгин гуйвласан байдгийг тэр хэвээр нь л “хулгайлжээ”.
Уг номын эртний үеийг өгүүлсэн хэсэгт хэт ач холбогдол өгөөд байгаа мэт уншигчдад санагдаж болох тул бусад хэсгээс нь жишээ дурдъя. Жишээлбэл уг номонд “Чингис хааны 800 жилийн ой” хэмээх дэд сэдэв байх бөгөөд уг үйл явдал 1962 онд холбогдоно.
Энэ дэд сэдвийг тэр чигээр нь түүхч Ж.Болдбаатарын Чингис хааны 800 жилийг тэмдэглэсэн паян хэмээх номоос хуулсан байх бөгөөд дунд нь ганц л өгүүлбэрийг өөр хүний номоос хулгайлжээ.
Цаашлаад Америкийн консул Сокобиний тухай өгүүлсэн хэсэг нь өнгөрсөн жил гарсан Ё.Отгонбаярын “Монголын тусгаар тогтнолын товчоон” хэмээгч номоос онцын ялгаагүй Бодоо Сокобин хоёрын уулзалтын талаар дурдсан боловч Ё.Отгонбаяр нүүр дүүрэн харилцан яриа зохин бичсэнээ доор нь “Сокобин Бодоотой уулзсан эсэх нь түүний тэмдэглэлээс яг тодорхой харагддаггүй...”   гэсэн тайлбар хийсэн байдаг бол Баабар харин уулзсанаар төгсгөсөн байна.
Хэрвээ энэ номыг уншсан, унших гэж байгаа бол “бусдын” нэрлэдгээр сэхээтний давхаргыг төлөөлөх “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэг Баабар буюу Батбаяр танд оюуны хулгай яаж хийдгийг яруу тодоор харуулахаас гадна уг номоо хавтсыг нь солих, хоёр дэвтэр болгох, “эрхиний тоогоор” 108 ширхэг хэвлэлээ зэргээр уншигчдыг хэрхэн хууран мэхэлдгийг мэдэж авах болно. Уг номоос таны олж авах мэдлэг ердөө л энэ.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/tmj

Wednesday, June 1, 2016

“Ил хант улс” хэмээх номын тухай

О.Нямдаваагийн Ил Хант улс хэмээх ном хэдхэн хоногийн өмнө хэвлэгдэн гарчээ.Монголын  Эзэнт гүрний түүхийг зөвхөн Тэмүжин, Өгэдэй, Мөнх, Гүюг хаад болон Юань улс, Алтан Орд улсаар л төсөөлөх нь бий.
Монголын Эзэнт гүрний түүхэнд зайлшгүй байх ёстой Цагадайн улс, Ил-хаант улсуудын түүхийн талаар Монголчууд өөрсдөө төдийлөн судлаагүй байна.
Энэ бүтээл хэвлэгдэх хүртэл 2006 онд Д. Анхбаярын Эл хаант улс номноос өөр тухайн улсын түүхийн талаар өгүүлсэн ном бүтээл хараахан гараагүй, мөн гадаадын судлаачдын судалсан бүтээлүүдээс орчуулагдан Монголчуудад хүрээгүй байв. 

Tuesday, May 10, 2016

“Монголын нууц товчооны алдагдсан бүлэг”


Монгол хатдын намтар түүхийг тусгайлан судалсан судалгаа, тэдний тухай өгүүлсэн зохиол бүтээл хомс хэвээр байгаа энэ үед монгол эмэгтэйчүүдийн намтар судлалд бага боловч хувь нэмэр оруулсан, уншигч олонд тэдний тухай тодорхой хэмжээний төсөөлөл өгөхүйц нэгэн бүтээл гарсан  нь Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо хэмээх ном юм.
Үнэхээр ч хатад бүсгүйчүүдийн мэргэн сургаалаар монгол хаад хүмүүжиж байсан учир эмэгтэйчүүд тэр дундаа хатдын тухай үнэн бодит судалгаанд тулгуурласан баримтат бүтээл нэн шаардлагатай байгаа билээ.
Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ. 
Мөн дээрх бүтээлд зөвхөн хатад бүсгүйчүүдээс гадна монгол хаадтай холбоотой нэгэн санал байдаг нь Чингисийн удмын эрчүүд бор дарсанд толгойгоо мэдүүлсэн, сул дорой хүмүүс байсан хэмээх цөөнгүй судлаачдын саналыг давтсан явдал юм.
Гэвч энэхүү бүтээлтэй холбогдуулан багахан хэмжээний (энд зөвхөн удиртгал хэсэг болон бүсгүйчүүдийн эсрэг дайн хэмээх хоёр хэсгийг авч үзлээ)шүүмж бичих болсон учир нь монгол хаадын үйл ажиллагааг илтээр гуйвуулан өгүүлсэнд оршино. Ном уншихдаа яг л тийм байсан мэтээр ойлгодог уншигчид байсан цагт “худал түүх үнэн болж, үнэн түүх худал болж түүхч хүн худалч болж худалч хүн түүхч болж хувирах” нь энгийн үзэгдэл мэт болжээ.
Дээр дурдсан Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо номод дурдагдах нэгэн гол үзэл санаа нь монгол хаад охид бүсгүйчүүд, хатдаа хавчин шахаж байсан хэмээх санаа юм. Үнэхээр тийм байсан уу гэвэл харин ч эсрэгээрээ.
Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ.
Өэлүн эх, Бөрт үжин, Сорхугтани бэхи нар нь улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Өгэдэй хааны хатан Дөргөнэ, Гүюг хааны хатан Огул Хаймыш нар төрийн эрхийг барьж байсан байдаг. Мөн түүнчлэн Хубилай хааны ахмад хүү Чингисийн хатан Хөхжин төрийн бодлогод авьяаслаг нэгэн байсан бөгөөд Хубилай хааны хүндлэлийг хүлээж байв. 
Мөн түүнчлэн Ил хаант улсын хэмжээнд монгол гүнж, хатад өөрийн бэлчээр нутагтай байхаас гадна хуралдайд оролцон дайны олзноос хуваалцдаг байсны зэрэгцээ өөрсдийн орд хийгээд цэргийн нэгтгэлтэй байж бас зоосон дээр нэрээ дэлдүүлдэг байхад гадны буюу перс, араб гүнж хатад ийм эрхийг эдэлж байгаагүй юм.

1.    Алдагдсан бүлэг хэмээх удиртгал

Уг номын удиртгал хэсэгт Монголын нууц товчоонд охин урагтаа соёрхол өргье хэмээснээс хойшх хэдэн хуудсыг санаатай, эсвэл санамсаргүйгээр урагдаж үгүй болсон өөрөөр хэлбэл Чингис хааны удмын эрчүүд хатад бүсгүйчүүдээ гадуурхаж, тэднээсээ мэдлэг чадвар дорой байсан учир соёрхол болгож өгсөн газар нутгийг нь булаан авч улмаар огт байгаагүй мэт болгосон гэх зохиогчийн үзэл бичигдсэн байдаг.
Тэгвэл Монголын нууц товчооны 215 дугаар зүйлийн араас орох учиртай мэдээлэл устаж үгүй болсон уу? Тэрхүү өгүүлбэрийг үнэхээр охин урагтаа соёрхол олгъё хэмээн утгаар ойлгож болох уу? гэсэн хоёр асуултын хариултыг хайж үзье. 
Магадгүй охин урагтаа соёрхол өгье хэмээсэн нь зөвхөн зохиогчийн үзэл санаа байж болох талтай байна. Учир нь Монголын нууц товчоонд (хөрвүүлж тайлбар хийсэн Чоймаа.Ш) “охин ургаар соёрхол өргье” хэмээн өгүүлжээ. Түүгээр ч барахгүй Игорь де Рахивилц, Кристофер Этвүүд нарын Монголын нууц товчооны үсгийн галигт “бас охин ургаан соёрхол өгье” хэмээн өгүүлсэн.
Энэ нь Ж. Уэтерфордын өгүүлсэнтэй адил охин ургууддаа соёрхол өгсөн бус хэн нэгэн жанжинд (магадгүй Борохул ноёнд охин өгсөн байж болно. Учир нь өмнөх зүйл буюу Монголын нууц товооны 214 дүгээр зүйлд Борохул жанжинд соёрхол өргөж буй) охин ургаар соёрхол өргөсөн байж болох талтай.
Тиймээс энэхүү алдагдсан бүлэг хэмээх үзэл санаа нь анхнаасаа андуурагдсан, уран сэтгэмжийн үр дүнд байжээ. Зохиогч уг номоо бичихдээ Монголын нууц товчооны ганц(Onon Urgenge, 2001) орчуулгыг эх сурвалжаа болгож ашигласан учир дээрх урагтаа, ургаар хэмээх хоёр үгийн утгыг сайтар ухаж ойлгоогүй бололтой.

2.     “Бүсгүйчүүдийн эсрэг дайн” гэх бүлгийн тухайд

Тус бүлэг “Өгэдэй хаан ширээнд суусан найм дахь жилдээ буюу 1237 оны намар нэгэн аймшигт зүрх зүсэм, балмад үйлийг Их хааны нэрээр зарлиг гарган үйлдсэн нь түүний төрийн эрх барьсан арван хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн гутамшигт хэрэг төдийгүй Монгол төрийн түүхнээ хар толбо болон үлдсэн юм. Энэ нь өөрийн дайснуудынхаа эсрэг биш харин угсаа гарвал нэгтэй Монголчуудынхаа охид бүсгүйчүүдийн эсрэг өдүүлсэн гэмт хэрэг байлаа” хэмээн эхэлнэ.
Цааш өгүүлэхдээ Өгэдэй хааны үед долоогоос дээш насны 4,000 охид, эмэгтэйчүүдийг олны өмнө хүчирхийлсэн хэмээн бичжээ. Зохиогч энэхүү мэдээг чухам юунаас санаа авч, эсвэл эшлэл болгон ашигласнаа дурдсангүй. Энд сурвалжийн тайлбараас үзэхэд ойрдууд Өгэдэйд охид бүсгүйчүүдээ татвар болгохоор илгээдэггүй байсанд оршино гэснээс өөрөөр сурвалжийн тухай ганц ч үг өгүүлсэнгүй.
Түүгээр ч барахгүй ийм балмад үйлдэл хийсэн нь хөгширч зөнөсөн, архинд донтсон хааны ухамсаргүй үйлдэл байсан мэтээр бичиж хэзээ ч зөвтгөж болохгүй; энэ бол Чингисийн удмын охид бүсгүйчүүд рүү хийх аймшигт халдлагын эхлэл байлаа хэмээн өгүүлжээ. Цаашлаад Өгэдэй хаан энэхүү үйлдлийнхээ дараа охин дүүгийнхээ эдэлж байсан эрх мэдлийг үгүй хийж эзэмшил нутгийг нь өөрийн болголоо өөрөөр хэлбэл Чэчэйхэний мэдэлд байсан Ойрадыг булаан авлаа хэмээн өгүүлжээ. Тэгвэл үнэхээр Ойрад Чэчэйхэн гүнжийн мэдэлд байсан уу үгүй юу гэдэг нь мөн л тодорхойгүй асуудал. Монголын нууц товчоонд Ойрадын Хутуга бэхийн хөвүүн Иналчид Чэчэй хэнийг өглөө гэхээс өөр мэдээ үгүй байна.
Магадгүй зохиогч Онгудыг захирч байсан Алаха бэхийн адилаар Чэчэйхэн Ойрадыг захирч байсан гэх таамаглал дэвшүүлсэн байж болох ч үүнийг нотлох баримт хараахан олдоогүй байна.
Уг номонд Өгэдэй хаан эзэмшил нутгаа тэлэхийн төлөө ах дүү нараа хөнөөж байсан мэтээр өгүүлсэн төдийгүй 1235 онд эхэлсэн ахмад хөвгүүдийн аян дайнд Гүюгийг оролцуулахаар илгээсэн нь Төв Ази дахь эзэмшлээ тэлэх боломжгүй болсонд орших бөгөөд шинээр эзэлсэн нутгийг Гүюг захиран суух болсноор Өгэдэйн удам европт эзэмшилтэй болох ёстой байв гэх  мэтээр бичжээ. Энэ бол цэвэр зохиогчийн төсөөлөл. Хэрэв үнэхээр Гүюг эзэлсэн нутагт суух байсан бол бүх цэргийг Гүюг л удирдах байсан болов уу? Тэгснээрээ Гүюг илүү гавьяа байгуулах боломж олдож тэр нутагтаа үлдэх боломжтой болох байв. Гэтэл тийм явдал болоогүй юм.
Түүнчлэн Толуй, Өгэдэй нар бор дарсанд орсон тул төрийн хэргийг өөрийн хатаддаа шилжүүлсэн гэжээ. Жишээлбэл Толуй төрийн эрхийг Сорхугтанид шилжүүлсний учир нь  согтууруулах ундаа хэт их хэрэглэж “байнга уйлж унждаг” байснаас үүдэлтэй гэдэг нь  бас л эргэлзээтэй.
Учир нь Рашид ал-Дины Судрын чуулганы Мөнх хааны хэсэгт Өгэдэй хаан Мөнхөд би дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Өдөр хоногийг хөлчүүрхэн өнгөрүүлэх нь амар байна хэмээн нулимс дуслуулж байсан гэснээс өөрөөр тодруулбал Толуй “байнга уйлж унждаг” болсон тухай мэдээ байдаггүй.
Энэ мэтчилэн бүлэг тус бүрт гарах үйл явдлуудыг лавшруулан үзэж, тодруулан өгүүлвэл барагдахгүй биз ээ. Тиймээс уг номыг уншихдаа үнэхээр тийм үйл явдал болсон уу? хэн, хаана тэр талаар тэмдэглэн үлдээв? зэргийг ойлгож унших зайлшгүй шаардлагатай байна.Монгол хатдын нууц товчоо хэмээх энэ ном монгол хатдын намтрыг өгүүлэх нэрийн дор монгол хаадыг сул дорой байсан мэтээр харагдуулах гэсэн үзэл нэвт шингэжээ. Ганц энэ ном ч биш түүхэн нэртэй ном зохиолыг уншихдаа хамгийн эхэнд эх сурвалж нь хаана байна гэдгийг нэхэн уншвал худлаар баг хийсэн энэ мэт ном цөөрөх учиртай.
Түүгээр ч барахгүй Өгэдэй хаан анхнаасаа л охид бүсгүйчүүдийг хавчиж байсан гэх үзэл санаагаа бататгах зорилгоор зохиогч “1228 оны хуралдайд хааны хөвгүүд болон хүргэн хүү нар хатадтайгаа оролцсон мэдээ Монголын нууц товчоонд байдаг ч бэр хатдын тухай дурдаагүй байдаг. Гэтэл 1246 оны хуралдай зарлан хуралдуулах цагт бэр- хатад улс төрийн эрхийг аль хэдийнэ гартаа оруулсан” хэмээн өгүүлжээ. Гэтэл Монголын нууц товчооны 269 дүгээр зүйлд “Цагаадай, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, Отчигин ноён, Егү, Есүнхэ тэргүүтэн зүүн гарын хөвүүд, ОХИД, хүргэд, түмэд, мянгадын ноёд бүгдээр цугларан ирж” хэмээн бичиглэн үлдээжээ.



 С.УУГАНБАЯР