СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Wednesday, September 21, 2016

ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ҮҮСЭЛ, УЛАМЖЛАЛ



Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөрт зориулав.
Аливаа улс гүрний тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг нь Төрийн туг далбаа юм. Монгол төрийн түүхэнд Есөн хөлт цагаан туг, хараа их хар сүлд гэхчилэн хялгасан тугийг олон зууны туршид хэрэглэж ирсэн байдаг. Монголчууд 200 гаруй жил байсан Манжийн дарлалаас гарч туурга тусгаар Монгол улсаа байгуулах үеэс төрийн дээд бэлэг тэмдгүүдийг бий болгосны нэг нь Төрийн туг далбаа юм.
1911 оноос бөс далбааг Төрийн туг болгон олон улсын адил хэрэглэх болж хялгасан тугийг халсан байна. Энэ нь одоогийн манай Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон[1] Төрийн туг, далбааны үндэс суурь болсон. Туг далбааг бөс давуугаар урлах болсон тухайд “Олон улс дор цөм өөрийн далбаа бий. Бидний монгол болбоос өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий мөн тусгайлан далбаа байгуулж тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимой” гэж тухайн үеийн сурвалжид дурьджээ.
Бөс даавуугаар Төрийн тугийг урлахдаа “Өнгө зүс, хэлбэр хэмжээ, дагалдах бэлгэдлийн зүйл болох сүлд, үсэг бичиг зэргийг тогтоожээ. Улсын далбааг гурван ам буюу нэг ам нь 70х70 см, дэвсгэр нь гал шар, ишний эсрэг талд “ум а хум” хэмээх үсэгтэй, гурван улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “Соёмбо, Э, бам /арга билэг хослох/” үсгийг сайн сайхныг бэлгэдсэн ном зэрэг барласан дэвсгэр дээр урласан байна” Төрийн тугийг тодорхой өдөр хоногуудад залдаг журамтай байсан бөгөөд Богд хаан[2] болон Улсын их дагины[3] түмэн өлзий гийсэн (өдөр төрсөн өдөр), төр байгуулагдсан буюу өвлийн дунд сарын шинийн есний өдөр (12 сарын 29)[4], Жахар цам бүжиглэх өдөр, жил бүр өвлийн сүүл сарын гучинаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл ба тухайн үеийн төрийн том баярын өдрүүдэд айл өрх, орд сүм, яам тамгын газраа мандуулж байхыг зарлиг хуулиар тогтоожээ.
Энэ тухай нэгэн баримтыг дурьдвал Олноо өргөгдсөний хоёрдугаар он хаврын сүүл сарын шинийн нэгэнд Хамба Номун хан[5] болон Эрдэнэ шанзубда нарт илгээсэн бичигт
Нийслэл Хүрээний Хамба Номун хан ,Эрдэнэ шанзудба нарт тушаан илгээв. Тушаан явуулахын учир Төрийн тугийг аль өдрүүдэд залж байгуулах зэрэг явдлыг манай яамнаас айлтгасанд, буулгасан Зарлиг, жил бүр өвлийн сүүл сарын гучинаас цагаан сарын арван тавны өдөр өнгөртөл байгуулаад дотогш залуул. Бас гадаад дотоод хоёр Майдар залах, аймаг шавийн даншиг өргөх зун өвлийн жахар тахилын цам бүжиглэх гийсэн өдрийн баяр, их төр байгуулсан өвлийн дунд сарын шинийн есний өдрүүдэд цөм өглөө байгуулаад, үдэш дотогш залагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж, үүнийг Нийслэл Хүрээний Хамба Номун хан, Эрдэнэ шанзудба нарт тушаан явуулаад Дээд Зарлигыг хичээнгүйлэн дагаж зохих газартаа тушааж үүрд журамлан дагаж явуулъя. Үүний тул тушаан илгээв[6] хэмээн өгүүлсэн байна.
Энэ нь Их Монгол улсын үед Хаан ор суух, их хуралдай хурах мөн төрийн их баяр наадам хийх үед төрийн тугийг ёслол хүндэтгэлтэйгээр залдаг байснаас[7] улбаалан шинээр нээсэн тулгар төрийн туг далбааг тодорхой өдрүүдэд мандуулан цэнгүүлдэг байжээ. Төрийн тугийг мандуулдаг байсан эдгээр өдрүүдийн талаар нэмэлт тайлбар хийх шаардлага гарч байна.
Бат-Оршил гэдэг нь бат бэх тогтнон оршуулах гэсэн утгатай үг. Бат-Оршил нь анхдугаар богд Занабазарт зориулан анх 1695 онд насан хутаг оршихыг билэгдэж зохиосон наадам юм.
Даншгийг гурван жилд нэг удаа зохиож байснаа наймдугаар Богдын үед жил бүрийн зун цагт мөн хаан сууринд заларсан өвлийн дунд сарын есөнд наадам хийх болсон. Халхын дөрвөн ханы аль нэг нь Богдын насан хутаг батдахын ерөөл тавьж ерөөл төгсмөгц ноёд, ихэс лам нар хадаг өргөн, мөргөл үйлдэж эрийн гурван наадам хийдэг байсан амуй. Бат-Оршил өргөж эд юмсыг цувруулан барьж бэлэг өргөхийг даншгийн цуваа гэх ба тэр цувааны эх нь таван өнгийн урт хадаг уясан мөнгөн мандлаар эхэлдэг байжээ. Ийм наадмыг долоон хошуу даншиг наадам гэж нэрлэж байв.[8] Бат-Оршилыг жилд хоёр удаа Очирдара Богд эзэн, Улсын Их Дагинын гэгээнээ үлэмж лянхуа өнө удаан батдахыг хүсэж ... энэхүү сүслэн өргөх гурван зүйлийн Бат-Оршилоос, жил бүр дэлгэр зуны сайхан цагт ... анхнаа Хаан эзэн өргөмжилж эрдэнийн сууринаа залсан өлзийтэй өдөрт тохиолдуулан жил бүр өвөл цаг өргөх Бат-Оршилыг..[9] өргөдөг байжээ.
Мөн зуны Бат-Оршил өргөх ёслолын цаг хугацаа нь тодорхойгүй бөгөөд тухайн жилийн билэгт сайн өдрийг Эрдэнэ шанзудбын яамнаас сонгон Бат-Оршил өргөдөг байжээ. Зарлигаар Тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт жил бүр зуны цаг олон аймаг шавь нар хамт нийлж Бат-Оршил өргөхөд Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас сайн өдрийг сонгон үзүүлж соёрхол айлтга [10] хэмээн өгүүлсэн байна. Түүнчлэн зун, өвлийн цагт өргөх Бат-Оршилыг хуульчлан заасан бөгөөд бараалхах болон бусад зүйл адил боловч Богд эзэн сууринаа заларсан буюу өвөл цагт өргөх Бат-Оршилд Амьтны амийг сүйтгэхгүй ариулан цээрлэх ёслол[11] явуулна хэмээн заажээ.
Мөн түүнчлэн Түмэн өлзий гийсэн өдөр[12] буюу Богд хааны түмэн өлзий гийсэн өдөр нь намрын сүүл сарын шинийн есөн бөгөөд Улсын Их Дагины түмэн өлзий гийсэн өдөр нь мөн сарын шинийн арван таван болой. Эл өдрүүдэд Төрийн тугийг залан мандуулж гийсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна.
Мөн түүнчлэн Богд эзэн, Улсын их дагинын гийсэн өдрийг дан ганц Нийслэл Хүрээнээ тэмдэглэн өнгөрүүлэх бус хөдөө орон нутагт ч мөн адил сүслэж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Жишээлбэл: Намнансүрэн, Цэрэнчимэд, Пунцагцэрэн ,Гомбосүрэн нарын айлтгалд Намрын сүүл сарын шинийн найманд Очирдара богд эзэн гэгээний түмэн өлзий гийсний их баяр мөн сарын арван таванд Улсын их дагинын гэгээний түмэн өлзий гийсний их баяр тус тус тохиолдох тул Нийслэл Хүрээнээ бүхүй олон хан ван сайд гүн засаг хамба цорж шанзудба, засаг лам, Да лам хутагт хувилгаан лам нар бүгдийн дарга нараас дараалан олон түшмэд бүгдээр ёслолын хувцас өмсөж хичээнгүйлэн их биеэр ёсноор мөргөх ба , мөн уул нутагт бүхүй нь цөм өөр өөрийн харъяат газар нэгэн адил хичээнгүйлэн мөргөж блам шавь, эзэн боолын ёсыг хүндэтгэн гүйцэтгэвээс зохих явдлыг боолчуудын газраас хичээнгүйлэн нугалбар бичиж сонсгон айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуймуй, үүний тул хичээнгүйлэн айлтгав[14] хэмээсэн байна.
Харин цам бүжиглэх ёслолыг жил бүр зуны сүүл сарын шинийн дөрөвний өдөр Нийслэл Хүрээний тахилын цам бүжиглэх, шинийн есөнд их цам бүжиглэж жахар дорма залах уулын тэнгэрийг тайж билэгтэй ёсоор наадам хийдэг байжээ.[15] Цам гэдэг нь бүжиг гэсэн утгатай төвд үг бөгөөд сүм хийдийн лам нарын зохион явуулдаг лам нарын ёслол юм. Цам бол шашины ёс хийгээд сүсэг бишрэлийн дайсагналыг дарах, эх дэлхийд бурханы шашиныг дарсныг харуулах ёслол мөн [16] Жахар цам бүжиглэхдээ мөн л урьдын адил тусгай журмын дагуу гүйцэтгэдэг байна.
Майдар бурхныг залж, эргэх ёслолыг жил бүрийн хаврын сүүл сард явуулдаг байжээ. Майдар бурхан бол ирээдүй цагийг аврагч бурхан хэмээгдэх тул ийнхүү энэ бурхныг хойч ирээдүйгээ даатгах ёслол үйлддэг байсан байна. Жил бүрийн хаврын сүүлд сар, намрын сүүл сард өдрийн сайныг сонгон Майдар залж, эргэх ёслолыг үйлддэг байсан байна.
Үүнээс үзэхэд Төрийн туг далбааг зөвхөн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан нь илэрхий байна. Түүнчлэн Богд эзэн, Улсын Их дагины түмэн өлзий гийсэн өдөр Төрийн тугийг мандуулдаг байсны адил В.И.Лениний төрсөн өдрөөр Төрийн далбааг мандуулах тухай БНМАУ-ын ИХТ-чдийн тогтоол гарч байсан байна. Үүнд: Лениний төрсөн өдөр болох жил бүр 4 дүгээр сарын 22-ны өдөр төв ба орон нутгийн улсын бүх газар, олон нийтийн байгууллага, түүнчлэн гадаад улсуудад суугаа БНМАУ-ын ЭСЯ-дын газрууд, төмөр замын станцууд вокзал, “Б” орон сууцны байрууд дээр БНМАУ-ын далбааг мандуулахаар тогтоосон [18] байна. Мөн эдгээр туг залах өдрүүдээс дэлгэр зуны цагт Бат-Оршил өргөх ёслол буюу Даншиг өргөн Төрийн тугийг залан мандуулдаг байсан нь эдүгээ Төрийн есөн хөлт цагаан тугийг жил бүр Үндэсний баяр наадмаар хүндэтгэн залах ёслол болж уламжлагдан иржээ. 1911 онд Төрийн далбаанд урласан соёмбыг монголчууд одоо ч хэрэглэсээр байна.
Төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг ёс дэлхийн олон улс оронд байдаг байна. Үүний нэгэн адилаар Монгол улс 2009 оны 6 сарын 11-ны тогтоолоор жил бүрийн 7 сарын 10-ны өдрийг төрийн туг далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгосон[19] байна.
С. Ууганбаяр

[1] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, МУБИС-МТТ, УБ, 2011:261.
[2] 1911 онд туурга тусгаар Монгол улсыг тунхаглахад Халхын шарын шашны тэргүүн наймдугаар богд Жавзандамба хутагтийг Олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд өргөмжилсөн байна.
[3] Шинэ тулгар төр нээхэд VIII Жавзандамбыг Шашин төрийг хослон баригч Богд хаанд өргөмжлөн Дондогдулам хатныг Улсын их дагина хэмээн өргөмжилсөн байна.
[4] 1911.12.29 Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсан
[5] Хамба Номун хан Пунцаг, Тулгар төр нээсний хойно “Тунгалаг билигт” цолын дээр Хутагт үсэг шагнасан байна
[6] МУҮТА, Х-А-3, Д.1, ХН-323, Н-71
[7] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, 2011:70.
[8] Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь., ШУАТХ. УБ., 2011:51
[9] МУҮТА,Х-А-3, Д.1, ХН-442, Н-5
[10] Монголын төр эрхзүйн түүх (дээж бичиг) V дэвтэр,МУИС-ХЗС, Монголын төр эрхзүйн ТСТ., УБ.,2010:136
[11] Монголын төр эрхзүйн түүх (дээж бичиг) V дэвтэр. 2010:139
[12] Богд хаан болон Улсын Их дагинын төрсөн өдөр
[13] МУҮТА, Х-А-3, Д.1, ХН-442, Н-65
[14] МУҮТА,Х-А-173, Д.1, ХН-87, Н-31
[15] Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь, ШУАТХ. УБ., 2011:395
[16] Мөн тэнд., 395
[17] Мөн тэнд.,395
[18] Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн товчоо/1911-2008/,УБ.,2008:127
[19] Монгол төрийн үүсэл, ёс ёслол бэлгэдэл, хүндэтгэл уламжлал, МУБИС-МТТ., УБ, 2011:263


Share This

No comments:

Post a Comment