СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Thursday, October 20, 2016

Түүхийг үнэнээр нь бичье зохиолчид оо


Ихэнх хүмүүс түүхэн гэх тодотголтой уран зохиолын ном уншаад л түүхийг мэдчихлээ, ойлгочихлоо гэж боддог. Сүүлийн жилүүдэд залуучууд түүхэн уран зохиол руу хошуурах болж номын дэлгүүрүүдийн бэстселлэрийг түүхэн уран зохиолууд өнгөлөх болсон. Түүнийгээ дагаад түүхэн уран зохиол туурвих “зохиолчид”-ын тоо ч багагүй нэмэгдэж байна. Тэдтүүхийг энгийнээр тайлбарлаж түүхчдийн орон зайг нөхөж буй мэтээр өөрсдийгөө ойлгож, эрдэмтэн мэргэдийнхээ нөр их судалгааны ажилд түшиглэсэн энэхүү номоо туурвилаа гэх сүржин агаад итгэл төрүүлэхүйц үгээр номоо эхлүүлнэ.
Яг ийм ард түмэнд түүхэн үнэнийг толилуулах гэгээн хүслээр туурвигдсан нэгэн түүхэн романы тухай энд өгүүлэх гэж байна. Энэ бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч С.Эрдэнэчимэгийн “Ил хаан Өлзийт” хэмээх бүтээл. Энэхүү бүтээл нь зохиолч С.Эрдэнэчимэгийн хоёр дахь бүтээл бөгөөд өмнө нь “Ил хаан Хүлэгү” гэх түүхэн роман бичсэн ажээ. Номын дэлгүүрүүдэд нэлээд элбэг харагддаг тэр номыг сонирхож хараагүй юм. Саяхан саваагүй зан хөдлөөд хоёр дахь роман болох“Ил хаан Өлзийт” номыг Интерном номын дэлгүүрт зогсонгоо гүйлгэж харсан юм.

С.Эрдэнэчимэг зохиолчийн нөр их хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. Гэвч энэ номыг туурвих хугацаандаа “өөр хэрэгтэй зүйл” хийсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрснөө нуух юун. Тиймдээ ч түүхэн уран зохиолыг сонирхож буй залуучууд хайран цагаа үрэх вий гэсэн үүднээс тус бүтээлийн тухай сэтгэгдлээсээ хуваалцах гэсэн юм.
Хавтаснаасаа эхлээд л тухайн бүтээлийн алдаа мадаг харагдаж эхлэх бөгөөд Илхаан Өлзийтийн нэрийг Oulziit(бодвол англи хэлнээ буулгасан байх)хэмээн галигласан байна. Илхаан Өлзийтийн нэрийг Olziit хэмээн шууд бичих эсвэл Öljeitü хэмээн галигладаг.
Түүгээр ч барахгүй номын эхний хуудсыг эргүүлэхэд л энэ хүн Монголын эзэнт гүрний түүхийн тухай анхан шатны мэдлэггүй нэгэн болох нь тодорхой харагдах бөгөөд Илхаант улсыг үндэслэгч Хүлэгүг Чингис хааны жич хэмээжээ. Хүлэгү бол Чингис хааны отгон хөвгүүн Толуйн хөвгүүн тул Чингис хааны ач юм.
Түүхэн зохиол бичиж буй хүмүүс үйл явдал хөөхөөсөө илүүтэй тухайн цаг үеийнхээ тухай тодорхой хэмжээний ойлголттой байвал тун зүгээрсэн. Гэтэл өнгөрсөн цаг, одоо үе хоёрыг хольж хутган бичих нь даанч харамсалтай. Жишээлбэл, Илхаан Өлзийтийн адуучид хоорондоо ярилцаж буй хэсэг гарах бөгөөд адуучид Өлзийт хааны авд унах морийг бэлтгэх тухай яриа өрнүүлэх ажээ. Тухайн яриан дунд “Эмнэг жавхаатай моринд султан дуртай” гэх өгүүлбэр байх ажээ. Хаад ноёдын ав бол нэгэн ёсны цэргийн сургуулилалт. Тиймдээ ч монголчууд дайн тулааны үед зэвийн морь буюу бага наснаас нь эхлэн сургасан морьдоо унадаг. Эмнэг хангал мориор ан ав хийнэ гэдэг юу л бол.
 Түүгээр ч барахгүй Илхаад одоогийн бидний адил жил бүр наадам (Үндсэндээ бол Илхаант улс байгуулагдсаны ... жилийн ойн үндэсний их баяр наадам) хийж морь уралдуулдаг байсан бололтой юм. Учир нь Өлзийт хааны унах морьдын нэг нь “энэ жилийн наадамд түрүүлсэн соёолон үрээ” хэмээн өгүүлжээ. Хэрэв монгол хаад Дундад Азид морь уралдуулж байсан бол тэр тухай хэн нэгэн хүн тодорхой бичиж тэмдэглэн үлдээх байсан болов уу. Монголчууд наадам хийхдээ бөх барилдуулж, сур харваж байсан тухай  мэдээ байх боловч морь уралдуулж байсан тухай мэдээ сэлт байхгүй л болов уу. Лавтай мэдэгдэж байгаагаар Өндөр гэгээнд даншиг өргөх наадам 1695 оноос эхлэн гурван жилд нэг удаа болж байсан байдаг.
Өлзийт хааны уяачдын хэрэглэж буй хурдан морины хусуур нь үе дамжиж өвлөн ирсэн эд гэхээсээ илүүтэй орчин цагийн ланд унасан алдарт уяачдын гоёл чимэглэл аятай байдлаар дүрсэлжээ. Нэгдүгээр бүлгийн эхлэл төдийд л иймэрхүү утга санаа логикийн алдаанууд тасралтгүй хөвөрнө.
Тухайн бүтээлийн хоёрдугаар бүлэгт Чингис хааны илгээсэн 450 элчийг Хорезмын Иналчук хөнөөсөн явдал нь тэдгээр элч нарын дуулгаваргүй байдалтай холбоотой мэтээр дүрслэн бичсэн байх юм. Иналчук тэдгээр элч нарыг хотоос гарахыг шаардахад тэдгээр элч нар хотоос гаралгүй зөрүүдлэн суусаар байгаад баригдах бөгөөд тэднийг “шорон дэлбэртэл” чихээд ч шоронд багтахгүй байх ажээ. Үнэхээр хачирхалтай дүрслэл. Түүхийг гуйвуулсан андуу ташаа мэдээллийн зэрэгцээ уран зохиолын тун ядмагхан дүрслэл.
Энэ мэтийн дүрслэлтэй ном нэртэй эрээн цаасыг залуучууд уншиж, түүхийг тийм байсан мэтээр ойлгоно гэхээр харамсалтай. Энэ шүүмжээр С.Эрдэнэчимэг гэх энэ бүсгүйн мууг үзэх гэсэнгүй түүхэн уран зохиол сонирхож буй залуу зохиолчид энэ мэт зүйлсийг нарийн анхаарч үзэх хэрэгтэй юм. Тухайн бүтээл дээр ажиллаж буй редакторууд ч мөн адил ихээхэн анхааралтай хандаж хэдэн төгрөгний төлөө худал номыг нь дэмжээд буй нь хачирхалтай хэрэг. Тус номын түүхийн зөвлөхөөр түүхийн ухааны доктор О.Нямдаваа ажиллажээ. Энэ хүн С.Эрдэнэчимэг гэх хүнд түүхийн зөвлөгөө өгсөн үү эсвэл хөөрхий бүсгүйн мөнгийг нь аваад нэрээ тавиулчихав уу. Яагаад алдаа дутагдлыг нь хэлж өгсөнгүй вэ.
Бүхэл бүтэн ард түмний түүхийг хэдэн төгрөгний төлөө гуйвуулан санаанаасаа зохион бичих нь газар нутгаа худалдаж буй төрийн түшээдээс ялгарахгүй.
С. Ууганбаяр
Share This

No comments:

Post a Comment