Монтескье Хуулийн амин сүнс бүтээлийнхээ XIII бүлэгт цаг уур, аливаа улс түмний хуульд хэрхэн нөлөөлдөг тухай дурдсан байдаг. Үүнээс үүдэн миний бие цаг уур аливаа ард түмний бие бялдарт хэрхэн нөлөөлдөг тухай тодруулан өгүүлэхийг зорилоо.
Улс түмний байлдан амьдралд байгаль цаг уур нөлөөлдөг тухай үзэл нь орчин цагийн ойлголт биш бөгөөд Аристотель Улс төр[1] хэмээх бүтээлдээ ухамсар сэтгэлгээ талаас нь дурдсан байдаг. Мөн 1749 онд Францын философич Монтескье Хуулийн амин сүнс[2] бүтээлдээ ч тусгасан байдаг. Тэр бээр “Цаг уурын таатай нөлөөгөөр улсын хүн ам хэт олширч болно. Ерөнхийдөө цаг уураас үүдэх шалтгаан ёс суртахууныг хурцалж өгөөд нэг ёсны гайхамшгийг бүтээдгийг үгүйсгэх аргагүй. Хятадын цаг агаар хүн амын өсөж үржихэд гайхалтай тааламжтай. Тэнд эмэгтэйчүүдийн үр тогтоолт нэн сайн, өөр ертөнцийн хаана ч ийм газар байхгүй” хэмээжээ.[3] Монтескьегийн дурдсан энэхүү цаг уур монголчуудад ямар гайхамшгийг бүтээж өгсөн тухай дорд өгүүлье.
Үнэхээр цаг уурын огцом өөрчлөлт нь улс гүрний хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд зогсохгүй, ард түмний амьдрал ахуй, хүнс тэжээлийн доройтолд хүргэх сөрөг нөлөөтэй. Ромын эзэнт гүрний уналт, Эртний Египетийн эзэнт гүрний доройтол, Солонгосын Бохай улсын мөхөлд цаг уурын “гэнэтийн өөрчлөлт” нөлөөлж байсан. Мөн Хятадын эзэнт улсуудын мөхөл, хөгжилтөд байгаль цаг уур тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байжээ.[4]
Монгол орны цаг уурын онцлог
Монгол улс нь газарзүйн байрлалын хувьд хойд өргөргийн 410 38’-52009’, зүүн уртрагийн 87044’-119056’ –д далайн түвшнээс дээш 1500-1800 м өндөрт Хэнтий, Хангай, Хянган, Алтайн уул нуруудаар хүрээлэгдсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт оршдог. Жилийн дундаж хур тунадас нь уулархаг газраа 388 мм, говийн бүсдээ түүнээс 50 мм-ээр бага байдаг. Монгол орны газрын гадаргын төлөвшилт өнөөгийн тогтоц нь неогенээс плейстоцены үед буюу Сибирийн уулсын тогтоц бүрэлдсэн үед бий болжээ.[5] НТӨ IV мянган жилийн үеэс цаг агаарын ихээхэн өөрчлөлт гарч эх газрын шинжтэй, хуурайшилт явагдаж эхэлсэн байна.[6] Энэ үеэс л монголчуудын генетикийн ой санамж бүрэлдэж эхэлсэн болов уу.
Цаг уураас шалтгаалан хүмүүсийн биед хэрхэн өөрчлөлт гардаг тухай Монтескье Хуулийн амин сүнс бүтээлдээ
ХҮЙТЭН ЦАГ УУР БИДНИЙ БИЕИЙН ГАДНАХ ХЭСГҮҮДИЙН ТӨГСГӨВРИЙГ ШАХДАГ. ҮҮНЭЭС ШИРХГИЙН НЯГТРАЛ НЭМЭГДЭЖ, МӨЧНҮҮДЭЭС ЗҮРХ РҮҮ ОРОХ ЦУСНЫ ЭРГЭЛТ ХУРДАСДАГ. ХҮЙТЭН УУР АМЬСГАЛ МӨНӨӨХ ХЭСГҮҮДИЙГ БОГИНОСГОЖ, УЛМААР ХҮЧИН ЧАДЛЫГ БҮР Ч ӨСГӨДӨГ АЖЭЭ. ГЭТЭЛ ХАЛУУН УУР АМЬСГАЛ ГАДНАХ ХЭСГҮҮДИЙГ НЬ СУЛРУУЛЖ УРТАСГАДАГ, ҮҮНЭЭС ШАЛТГААЛЖ ХҮЧИН ЧАДАЛ ХИЙГЭЭД УЯНШЛЫГ НЬ БАГАСГАДАГ. ИЙМЭЭС ХҮЙТЭН ЦАГ УУРТАЙ ГАЗРЫН ХҮМҮҮС ЧИЙРЭГ. ҮҮНД, ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА, ХЭСГҮҮДИЙН ТӨГСГӨВРИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ ТЭНД ИЛҮҮТЭЙ ЯВАГДДАГ. ШИНГЭН НЬ МӨН ИХЭЭХЭН ТЭНЦВЭРТЭЙ. ЦУС ЗҮРХ РҮҮ ГҮЙХ НЬ ХУРДАН. ТЭГЭХЭЭР ЗҮРХ ИЛҮҮ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ГЭСЭН ҮГ. ЭНЭ ИХ ХҮЧ ОЛОН ДАВУУ ТАЛ ҮҮСГЭЖ ТААРНА. ХАЛУУН ОРНУУДЫН УЛС ТҮМЭН ХӨГШЧҮҮД ШИГ БҮРЭГ БӨӨДИЙ, ХҮЙТЭН ГАЗРЫН ХҮМҮҮС ЗАЛУУ ХҮМҮҮС ШИГ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ГЭСЭН БАЙДАГ.[7]
Үүний нэгэн адил XIII зууны монголчууд нь зориг зүрх ихтэй байсан бөгөөд тухайн үеийн аялагчид, түүхчдийн зохиол бүтээл, аян замын тэмдэглэлүүдэд Монгол хүнийг үзэшгүй муухай царайтай хүн гэхэд хүн бус араатан амьтан байсан мэтээр тэмдэглэн үлдээжээ.[8]
Сурвалжид монголчуудын төрх байдлыг тэмдэглэснээс үзвэл Жао хун: Монгол Татарын бүрэн тэмдэглэл-д
ТАТААР ХҮНИЙ БИЕ БЯЛДАР ӨНДӨР БУС, ХАМГИЙН ӨНДӨР НЬ ТАВАН ТОХОЙ ХОЁР ГУРВАН ЯМХААС ДАВАХГҮЙ, БАС ТАРГАН БИШ, ЦАРАЙ НЬ ӨРГӨН БӨГӨӨД ХАВТГАЙ, ХАЦРЫН ЯС ТӨВГӨР, НҮД НЬ ДАВХРААГҮЙ. ҮС САХАЛ БАГА, ГАДНАХ ТӨРХ АСАР МУУХАЙ[9] ХЭМЭЭЖЭЭ.
Г. Анкнерцийн Нум сумтан ард түмний түүх-д
ХАГАР, КЕТУРА БА ЕСУА ГУРВАН АЙМГИЙН ДУНДААС НЭГЭН ЦАРАЙ МУУТ, ХИЛЭНЦ БҮХИЙ УРАГ САЛБАРЛАСАН БӨГӨӨД ТЭДНИЙГ ТАТАР ХЭМЭЭН ДУУДДАГ.[10] АНХ МАНАЙ НУТАГТ ИРЭГСЭД ХҮНТЭЙ ТӨСГҮЙ АЙМШИГТАЙ БӨГӨӨД ӨӨДӨӨС НЬ ХАРААД ДҮРСЛЭН ХЭЛЭХ БОЛОЛЦООГҮЙ ДҮР ТӨРХТЭЙ. ТОЛГОЙ НЬ БУХЫНХ ШИГ ТОМ, НҮД НЬ ШУВУУНЫХ ШИГ ЖИЖИГ, ХАМАР НЬ МУУРЫНХ ШИГ ХАВТГАЙ, ЭРҮҮ НЬ НОХОЙНЫХ ШИГ ШАНААРХАГ, ЗОО НУРУУ НЬ ШОРГООЛЖНЫХ ШИГ НАРИЙН, ХӨЛ НЬ ГАХАЙНЫХ ШИГ БОГИНО САХАЛ ОГТ БАЙХГҮЙ, АРСЛАН ШИГ ХҮЧТЭЙ, БҮРГЭД ТАГШИХ МЭТ ДУУТАЙ ХЭМЭЭЖЭЭ.[11]
П. Карпини Монголчуудын түүх-д
ТЭДНИЙ ТӨРХ НЬ БУСАД БҮХ ХҮМҮҮСЭЭС ӨӨР ЮМ. ХАЦАР ӨРГӨН, 2 НҮДНИЙ ХООРОНДОХ ЗАЙ ИХ, ХАЦРЫН ЯС НЬ ШАНАА ЭРҮҮНИЙ ЯСЫГ БОДВОЛ ӨРГӨН, ХАМАР ХАВТГАЙ ЖИЖИГ, ЗОВХИ НЬ ХӨМСГӨӨ ХҮРТЭЛ БҮЛЦЭН НҮД ЖИЖИГ, БАРАГ БҮГД НАМХАН ГЭЖЭЭ.[12]
Томас Архидиакон Historia Salonitana-д
БОГИНО ХӨЛТЭЙ Ч АВАРГА ТОМ ЦЭЭЖТЭЙ. НҮҮР НЬ ӨРГӨН, АРЬС НЬ ЦАГААН, ХАЦАР НЬ САХАЛГҮЙ, ХАМАР НЬ МОНХОР, НҮД НЬ НАРИЙХАН, ХООРОНДОО ХОЛ ЗАЙТАЙ[13]
гэсэн нь эртний Ромын түүхч Аммианус Марселинус Хүннүчүүдийн тухай тагдгар бүдүүн биетэй, бахим чанга гар хөлтэй, бүдүүн хүзүү бөгтөр эв хавгүй биетэй[14] хэмээн өгүүлсэнтэй ерөнхийдөө ижил төстэй байгаа юм.
Дээрх сурвалжуудад буй монголчуудын төрх байдлын мэдээ том толгойтой, тагдгар биетэй, онигор нүдтэй, жижиг хавтгай хамартай, эрүү шанаархаг гэх мэтчилэн дурдсанаараа ижил төстэй байна. Монгол хүний тагдагар бие нь морио унахад илүү тохирсон гэж үзэж болох бол онигор нүд, нам хамар нь элсэрхэг хийгээд цастай, салхи салхилж байдаг тал нутагт тохирсны зэрэгцээ Монтескьегийн үзсэний нэгэн адил суурин ард түмнээс илүү зориг зүрх, тэсвэр тэвчээрийг монгол цэргүүдэд олгоод зогсохгүй ямар ч цаг уурын нөхцөлд байлдахад зохицжээ. Энэ бол Шопенхаурын дурдсан үйлдэл (action) бөгөөд генийн ой санамж буюу мэдлэг нь монголчуудын төрх байдлаар илэрсэн юм.
Монгол орны байгаль цаг уурын нөхцөлийн талаар Л.Н.Гумилев “өвөл эсрэг циклоны төв оршиж цас бага унадаг, Алтайгаас баруун тийших бүсүүдэд цөм эсрэгээр байдаг, үүнд Атлантын циклоноор ирсэн их чийг өвөл цас болон унадаг, гэхдээ зундаа хуурайшиж ерөнхийдөө хээр талын өвс хатдаг”[15] хэмээн өгүүлжээ. Энэхүү цаг уурын нөхцөл нь олон мянган жилийн туршид өөрчлөгдөөгүй нь лавтай. Учир нь Скифийн үеийн сурвалжид Ерөөсөө тэнд цаг агаар бусад орноос онцлог. Бусад газарт борооны улирал ирчхээд байхад тэнд бороо бараг орохгүй. Харин зун нь эсрэгээрээ маш их орно[16] хэмээсэн байдаг.
Тиймээс XIII зууны үеийн монголын өндөрлөгт уур амьсгал ямар байсныг тодруулах шаардлагатай бөгөөд тухай сурвалжид хэрхэн тэмдэглэснийг авч үзье.
1235-1236 ОНД МОНГОЛ НУТАГТ ИРСЭН СҮН УЛСЫН ЭЛЧ СҮЙТЭН ИХ ТӨЛӨВ ЭЛСЭРХЭГ, ЧУЛУУРХАГ ГАЗАРТАЙ...[17] ХЭМЭЭН ДУРДСАН БОЛ ЦАГ УУРЫН ХУВЬД ЖИХҮҮН ХҮЙТЭН ... ЗУРГААН САРД Ч ЦАС ОРНО[18] ХЭМЭЭСНЭЭС ГАДНА ТЭНДХИЙН УУР АМЬСГАЛ ДӨРВӨН ЦАГ НАЙМАН УЛИРЛЫН ЯЛГАВАРГҮЙ. ДӨРВӨН САР БӨГӨӨД НАЙМАН САРД ЦАС ОРООД САЛХИ БААХАН ӨӨРЧЛӨГДДӨГ[19] ГЭЖЭЭ.
Мөн Плано Карпини нутгийн нэг хэсэг энд тэнд багавтар ой модтой, нөгөө хэсэг нь нүцгэн ажээ. газар нутгийн лав зууны нэг хувь нь үржил шимгүй бөгөөд гол горхины усаар услахгүй л бол ургац өгч чадахааргүй. Энэ нутгийн цаг агаар нь гайхалтай сонин ажээ. Тухайлбал, бусад улс оронд зуны аагим халуу шатаж байхад энэ нутагт хүчтэй аянга цахилгаан бууж үй олон хүнийг хөнөөх нь олонтой. Тэрчлэн тэнд маш их цас орно. Бас заримдаа мориор явахад ч бэрхшээмээр зэврүүн хүйтэн салхи шуурга тавина. Бид хүртэл нэгэн удаа хааны ордны дэргэд ширүүн салхинд газар элэглэн хэвтэцгээж, шороо тоосноос болж удтал юу ч харж чадахгүй байж билээ. Энэ оронд өвөл бороо хур огт ордоггүй, зун тоос дарж, өвс ногооны үндэс чийглэх төдий багахан шиг бороо чийг унах нь олонтоо. Бас азарган мөндөр үе үе орно[20] гэжээ.
РУБРУКИЙН ТЭМДЭГЛЭЛД МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ НЬ УУЛАРХАГ, БАГА ЗЭРЭГ МОДТОЙ, ЭЛСЭРХЭГ, ХҮЧТЭЙ ААДАР БОРОО, ЦАСАН ШУУРГА, МӨНДӨР ИХЭЭР ОРДОГ, ЗУНДАА ААГИМ ХАЛУУН ГЭХ МЭТЧИЛЭН ДУРДЖЭЭ.
Үүнээс үзэхэд монгол цэргүүд байгаль цаг уурын ямар ч нөхцөлийг даван гарах чадвартай,[21] Евро-Азийг дамнасан уудам нутгийг нэгэн захиргаан дор нэгтгэхдээ байгаль цаг уурын ямар ч нөхцөл байдалд тулалдаж явсны томоохон жишээ нь Зэв, Сүбэдэй нарын аян дайн юм. Монголын морьт цэрэг тэсгим өвлөөр тэнгэр уулыг даван, Кизылкумын цөлийг туулан 8000 миль аялан байлдсан нь дэлхийн түүхнээ гайхагдан үлджээ. Мөн Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло эзэнт гүрний нутаг дэвсгэрийн уур амьсгалын талаар багагүй зүйл тэмдэглэн үлдээжээ. Түүний тэмдэглэлээс үзвэл монголчуудын байлдан эзэлсэн газар нутаг нь зарим газраа мал амьтан тэсхүйеэ бэрх хүйтэн,[22] халуун,[23] бохир бүгчим агаартай[24] хэмээн дурджээ. Энэ нь монголчууд цаг уурын хүнд нөхцөлд аян дайн явуулж байсныг тодорхой харуулж байна.
Энэхүү эртнээс нааших цаг уурын хувирамтгай, эрс тэс, хүйтэн байдал нь монгол цэргүүдэд амжилттай байлдах боломжийг олгосон бөгөөд энэхүү генийн ой санамж нь тэдэнд бэрхшээл давах чадварыг бий болгожээ. Учир нь цаг уурын нөхцөлөөс шалтгаан төрх, бие бялдарт өөрчлөлт ордог бөгөөд одоогийн төрхөтний үүсэл нь цаг ууртай салшгүй холбоотой.
Түүгээр ч барахгүй эдгээр сурвалж дээр тулгуурлан хожмын судлаачид монголчуудын үнэрлэх, сонсох, харах эрхтэн нь яг л зэрлэг амьтдынх шиг хөгжиж, маш сонор соргог болсон байдаг. Тэд хар багаасаа дөрвөн улирлын турш задгай тэнгэрийн дор халуун, хүйтнийг амсан хатуужиж, морь унаж, нум сум харваж өссөөр дайн байлдааны төлөө төрсөн мэт хэмээжээ.[25]Жишээлбэл, монголчуудын энэхүү төрх онцлог бол өөрсдийнх уугуул нутгийн газарзүй, цаг ууртай шууд холбоотой бол сэтгэлгээний онцлог хурд нь ч мөн генийн ой санамжийн нөлөө юм. Түүгээр ч барахгүй Монтескьегийн дурдсанчлан монгол орны эрс тэс цаг уур монголчуудад ихээхэн давуу талыг бий болгосон нь дамжиггүй.
[1] Aristotle, Politics, Trans. Benjamin Jowett, 1999.
[2] Montesquie, The Spirit of law, Trans. Thomas Nugent, 2001.
[3] Montesquie, 2001:119
[4] David D. Zhang, C.Y. Jim, George C-S Lin, Yuan-Qing He, James J. Wang and Harry Lee, “Climatic change, wars and Dynastic cycles in China over the last Millennium,” Climatic change, (76)2006: 459-477.
[5] Б. Гүнчинсүрэн, “Дөрөвдөгч галвын дээд үеийн монгол орны эртний газарзүй,” Studia Archaelogia, Tomus I(XXI), Fasc.1, 2003:13.
[6] З. Батсайхан, Хүннү, Улаанбаатар, 2002:182.
[7] Montesquie, 2001:246.
[8] Г. Анкнерци, 2010:28.
[9] Жао хун, 2005:157.
[10] Г.Анкнерци, 2010:28.
[11] Мөн тэнд, 2010:28.
[12] Плано Карпини, 2006:18.
[13] Томас Архидиакон, 2013:100.
[14]Ammianus Marcellinus, History of Rome from Constantine to Valens, C. D. Yonge, tr. George Bell and Sons, London, 1885; Я. Ганбаатар, Хүннүгийн Түүх Соёл, 2008:55.
[15] Д. Сүхбаатар, Т. Хасбаатар, Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувиарлалтын түүхэн уламжлал. 2011:22.
[16] Херодот, Түүх, Улаанбаатар, 2009.
[17]“Богд баатар биеэр тайлсан тэмдэглэл,” Хар татарын хэргийн товч, (Орчуулсан Х. Асралт, Хөх-Өндөр)), 1985:165.
[18] Богд баатар биеэр тайлсан тэмдэглэл, 1985:166.
[19] Сүйтэн, “Хар татарын хэргийн товч,” Их Монгол улсын түүхэнд холбогдох хятад хоёр сурвалж бичиг, 2005:240.
[20] Плано Карпини, 2006:15.
[21] Цэргийн түүх Х. Шагдар Монголчуудын байлдан дагууллын ялалтанд хүрсэн шалтгаануудын нэг нь монгол хүний тэсвэр тэвчээр байсан тухай өгүүлжээ. Тэрээр “өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 50 хэм хүрч хүрч хэлбэлздэг эрс тэс уур амьсгал ... цаг уурын ямарч бэрхшээлд сөгдөхгүй эрмэг бие, эр зориг өгчээ” хэмээн өгүүлжээ. Х. Шагдар, Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх (XII зуун) II, 2000:633.
[22] Марко Поло, 1987:22.
[23] Марко Поло, 1987:50.
[24] Марко Поло, 1987:143.
[25] К.Д’Оссон, Монголчуудын түүх, 2015:77.
No comments:
Post a Comment