СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Tuesday, March 24, 2020

УЛТРА-ЛИБЕРАЛИЗМЫН ЯНАГ ХОНГОР НЬ ЯВЖЭЭ БИД!!!

Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл номын тэмдэглэл
Канадын сэтгүүлч Наоми Клайны The Shock doctrine: The rise of the disaster capitalism ном Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл нэртэйгээр монгол хэлнээ орчуулагдан гарчээ. 
Тус бүтээлийг уншиж эхлэхэд л нэг тийм жихүүдэс аль эсвэл зэвүүцэл дургүйцлийг хүргэх болно. Учир нь тус бүтээлийн хамгийн эхний хэсэгт 1950-аад оноос эхлэн АНУ-ын ТТГ-ын дэмжлэгтэйгээр Эвэн Камерон гэх эмч хүмүүс дээр аймшигт туршилт явуулж байв. Тэр нь “Шок эмчилгээ.” Энэхүү эмчилгээний анхны зорилго нь сэтгэхүйн асуудалтай өвчтөнийг тогоор цохиулж мэдрэхүйг нь сааталд оруулснаар цоо шинэ хүнийг бүтээж болно гэх биелшгүй хүсэл байсан юм. Харамсалтай нь Эвэн Камерон ч тэр ТТГ ч тэр аль аль нь санасандаа хүрч чадсангүй. Шок эмчилгээний харгис хатуу туршилтууд нь шинэ хүнийг бүтээх биш харин ч өвчтөнийг улам дордуулж байсан бөгөөд удалгүй ТТГ-ын санхүүжилт байхгүй болсноор энэхүү туршилт зогссон байна. 
Хамгийн өр өвдөм зүйл бол тухайн туршилтад оролцсон өвчтөнүүдийн мэдрэхүйг нь сааталд оруулах зорилгоор биеийг хүлж цонх, агааржуулагчгүй өрөөнд хэдэн өдрөөр байлгах явдал юм. Ингэснээр хүн цаг хугацаа орон зай бүхий л мэдрэмжээ алдах учиртай аж. Гэвч хүний төрөлх зөнгөөрөө эрх чөлөөг тэмүүлэх мэдрэмжээрээ жижиг зүйлсээс ч амьдралын тухай төсөөллөө алдахгүй барьж чадаж байжээ. Тэртээд дуулдах сүмийн хонх, өглөө бүр нисэж өнгөрөх онгоцны чимээ, цэцэрлэгт тоглох багачуудын шуугиан… энэ бүх зүйлс орчлонгийн бүхнээс таслагдсан нэгэнд бол амьд явах, зовлон зүдүүрийг тэсэж давах тулгуур нь болж байжээ. Аймшигтай…
Харин яг энэ цаг үед Милтон Фридман тэргүүтэй Неолиберал эдийн засагчид нийгэмд ч бас яг иймэрхүү байдлаар Шок эмчилгээ хийснээр цоо шинэ нийгмийг бүтээж болно хэмээн үзэж байжээ. Тэдний үзлийн гол мөн чанар нь эдийн засаг дахь төрийн оролцоог огт байхгүй болгох, хувийн хэвшлүүдийг дэмжиж, халамжийг бодлогыг үгүй хийх явдал юм. 
Эвэн Камерон өөрийнхөө өвчтөнүүд дээр туршилтаа амархан хийсэн бол Милтон Фридманд тийм “аз” тохиосонгүй. Учир нь түүний номлолыг Маргарет Тетчер, Роналд Рейган нарыг засгийн эрхэнд гарч ирэх хүртэл үл тоосоор байжээ.  1970-аад оноос л харин Фридман өөрийн номлолоо хэрэгжүүлэх боломжтой болж иржээ. 
Тэд энэхүү Шок эмчилгээгээ байгалийн гамшиг, өвчин тахал, дайн самуун, төрийн эргэлт гээд л байж болох бүхий л байгаль, нийгмийн гамшгийг ашиглан хийж иржээ. Хамгийн сүүлд Катрина хар салхины гамшгийг ашиглан Луизана мужийн сургуулиудыг хувьчилж төрийн оролцоог байхгүй болгосон явдал юм. Үүнийг Фридманы “боловсролын боловсон дээрэм” гэж нэрлэсэн нь бий. Үүний өмнө АНУ-ын засгийн газар яг шок эмчилгээг 2003 онд Иракт явуулах гэсэн боловч бүтэлгүйтжээ. 
Тэгвэл хамгийн анх 1973 онд Чилид засгийн эрхийг булааж авах замаар энэхүү бодлогоо хэрэгжүүлсэн бөгөөд энэ үед ард түмнийг ихээр хэлмэгдүүлж эрүүдэн шүүж байв. Ингэхдээ Эвэн Камероны туршлагад үндэслэн тогоор цохиулах мэдрэхүйг нь гачигдуулах зэрэг яргалал үйлдсэний дүнд олон арван хүн эрэмдэг зэрэмдэг болжээ. Ор сураггүй болсон нь ч цөөнгүй. Энэ мэтээр олон улс оронд Шок номлолоо дэлгэрүүлж байв. Ингэхдээ Чили улсыг Неолиберал үзэл Шок номлол амжилттай хэрэгжсэн жишээ болгон дурддаг ч 10 хүрэхгүй жилийн дараа буюу 1980-аад оноос Чили улс эдийн засгийн бодлогууддаа тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулж байж сая л нэг юм эдийн засаг нь өсөж эхэлсэн байна. 
Энэхүү Шок номлол яг энэ номд бичигдсэн хувилбараараа монголд явагдсан болохыг Наоми Клайны номыг уншсан хэнбугай ч ойлгох нь дамжиггүй.
Шок номлол хэрэгжүүлэх хамгийн гол арга нь ямар нэгэн гамшгийг далимдуулан шоконд орсон ард түмний хуулийг хэсэг бүлэг хүмүүст зориулан “зохиох,” хувьчлалыг хавтгайруулах, үнийг огцом чөлөөлөх зэрэг явдал юм.  
Социалист системээс дөнгөж салаад байсан монголчууд 20-р тогтоол гэгчээр энэхүү шок эмчилгээнд орсон юм. Үүнийг огцом чөлөөлж, улсын үйлдвэрүүдийг хувьчилснаар дотоодын үйлдвэрлэл байхгүй болж дэлгүүрийн лангуу давснаас өөр зүйлгүй болсныг бид мэднэ.  
Шоконд орсноо ч мэдэхгүй явсан Монголчууд бидний сүүлийн 30 жилийн алдаа завхралыг Наоми Клайн тодорхой дурдсан бөгөөд ганцхан жишээ дурдахад Неолиберал үзэл Шок номлол хэрэгжсэн улс оронд Төр бизнесийн ялгаа үгүй болдог бөгөөд энэ нь өнөөгийн монголд тэнэг хүнд ч харагдахаар ил болжээ. Монгол улс бол Шок номлолыг төгс утгаар нь хэрэгжүүлсэн цор ганц улс. Тиймдээ ч барууны ертөнцөд биднийг The darling of the ultra-liberalism буюу Ултра-Либерализмын янаг хонгор хэмээн нэрлэдэг юм билээ. 

МОНТЕСКЬЕ БА ГЕНИЙН ОЙ САНАМЖ


Монтескье Хуулийн амин сүнс бүтээлийнхээ XIII бүлэгт цаг уур, аливаа улс түмний хуульд хэрхэн нөлөөлдөг тухай дурдсан байдаг. Үүнээс үүдэн миний бие цаг уур аливаа ард түмний бие бялдарт хэрхэн нөлөөлдөг тухай тодруулан өгүүлэхийг зорилоо.
Улс түмний байлдан амьдралд байгаль цаг уур нөлөөлдөг тухай үзэл нь орчин цагийн ойлголт биш бөгөөд Аристотель Улс төр[1] хэмээх бүтээлдээ ухамсар сэтгэлгээ талаас нь дурдсан байдаг. Мөн 1749 онд Францын философич Монтескье Хуулийн амин сүнс[2] бүтээлдээ ч тусгасан байдаг. Тэр бээр “Цаг уурын таатай нөлөөгөөр улсын хүн ам хэт олширч болно. Ерөнхийдөө цаг уураас үүдэх шалтгаан ёс суртахууныг хурцалж өгөөд нэг ёсны гайхамшгийг бүтээдгийг үгүйсгэх аргагүй. Хятадын цаг агаар хүн амын өсөж үржихэд гайхалтай тааламжтай. Тэнд эмэгтэйчүүдийн үр тогтоолт нэн сайн, өөр ертөнцийн хаана ч ийм газар байхгүй” хэмээжээ.[3] Монтескьегийн дурдсан энэхүү цаг уур монголчуудад ямар гайхамшгийг бүтээж өгсөн тухай дорд өгүүлье.
Үнэхээр цаг уурын огцом өөрчлөлт нь улс гүрний хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд зогсохгүй, ард түмний амьдрал ахуй, хүнс тэжээлийн доройтолд хүргэх сөрөг нөлөөтэй. Ромын эзэнт гүрний уналт, Эртний Египетийн эзэнт гүрний доройтол, Солонгосын Бохай улсын мөхөлд цаг уурын “гэнэтийн өөрчлөлт” нөлөөлж байсан. Мөн Хятадын эзэнт улсуудын мөхөл, хөгжилтөд байгаль цаг уур тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байжээ.[4]

Монгол орны цаг уурын онцлог
Монгол улс нь газарзүйн байрлалын хувьд хойд өргөргийн 4138’-52009’, зүүн уртрагийн 87044’-119056’ –д далайн түвшнээс дээш 1500-1800 м өндөрт Хэнтий, Хангай, Хянган, Алтайн уул нуруудаар хүрээлэгдсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт оршдог. Жилийн дундаж хур тунадас нь уулархаг газраа 388 мм, говийн бүсдээ түүнээс 50 мм-ээр бага байдаг. Монгол орны газрын гадаргын төлөвшилт өнөөгийн тогтоц нь неогенээс плейстоцены үед буюу Сибирийн уулсын тогтоц бүрэлдсэн үед бий болжээ.[5] НТӨ IV мянган жилийн үеэс цаг агаарын ихээхэн өөрчлөлт гарч эх газрын шинжтэй, хуурайшилт явагдаж эхэлсэн байна.[6] Энэ үеэс л монголчуудын генетикийн ой санамж бүрэлдэж эхэлсэн болов уу.

Цаг уураас шалтгаалан хүмүүсийн биед хэрхэн өөрчлөлт гардаг тухай Монтескье Хуулийн амин сүнс бүтээлдээ
ХҮЙТЭН ЦАГ УУР БИДНИЙ БИЕИЙН ГАДНАХ ХЭСГҮҮДИЙН ТӨГСГӨВРИЙГ ШАХДАГ. ҮҮНЭЭС ШИРХГИЙН НЯГТРАЛ НЭМЭГДЭЖ, МӨЧНҮҮДЭЭС ЗҮРХ РҮҮ ОРОХ ЦУСНЫ ЭРГЭЛТ ХУРДАСДАГ. ХҮЙТЭН УУР АМЬСГАЛ МӨНӨӨХ ХЭСГҮҮДИЙГ БОГИНОСГОЖ, УЛМААР ХҮЧИН ЧАДЛЫГ БҮР Ч ӨСГӨДӨГ АЖЭЭ. ГЭТЭЛ ХАЛУУН УУР АМЬСГАЛ ГАДНАХ ХЭСГҮҮДИЙГ НЬ СУЛРУУЛЖ УРТАСГАДАГ, ҮҮНЭЭС ШАЛТГААЛЖ ХҮЧИН ЧАДАЛ ХИЙГЭЭД УЯНШЛЫГ НЬ БАГАСГАДАГ. ИЙМЭЭС ХҮЙТЭН ЦАГ УУРТАЙ ГАЗРЫН ХҮМҮҮС ЧИЙРЭГ. ҮҮНД, ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА, ХЭСГҮҮДИЙН ТӨГСГӨВРИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛ ТЭНД ИЛҮҮТЭЙ ЯВАГДДАГ. ШИНГЭН НЬ МӨН ИХЭЭХЭН ТЭНЦВЭРТЭЙ. ЦУС ЗҮРХ РҮҮ ГҮЙХ НЬ ХУРДАН. ТЭГЭХЭЭР ЗҮРХ ИЛҮҮ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ГЭСЭН ҮГ. ЭНЭ ИХ ХҮЧ ОЛОН ДАВУУ ТАЛ ҮҮСГЭЖ ТААРНА. ХАЛУУН ОРНУУДЫН УЛС ТҮМЭН ХӨГШЧҮҮД ШИГ БҮРЭГ БӨӨДИЙ, ХҮЙТЭН ГАЗРЫН ХҮМҮҮС ЗАЛУУ ХҮМҮҮС ШИГ ЗОРИГ ЗҮРХТЭЙ ГЭСЭН БАЙДАГ.[7]
Үүний нэгэн адил XIII зууны монголчууд нь зориг зүрх ихтэй байсан бөгөөд тухайн үеийн аялагчид, түүхчдийн зохиол бүтээл, аян замын тэмдэглэлүүдэд Монгол хүнийг үзэшгүй муухай царайтай хүн гэхэд хүн бус араатан амьтан байсан мэтээр тэмдэглэн үлдээжээ.[8] 
Сурвалжид монголчуудын төрх байдлыг тэмдэглэснээс үзвэл Жао хун: Монгол Татарын бүрэн тэмдэглэл
ТАТААР ХҮНИЙ БИЕ БЯЛДАР ӨНДӨР БУС, ХАМГИЙН ӨНДӨР НЬ ТАВАН ТОХОЙ ХОЁР ГУРВАН ЯМХААС ДАВАХГҮЙ, БАС ТАРГАН БИШ, ЦАРАЙ НЬ ӨРГӨН БӨГӨӨД ХАВТГАЙ, ХАЦРЫН ЯС ТӨВГӨР, НҮД НЬ ДАВХРААГҮЙ. ҮС САХАЛ БАГА, ГАДНАХ ТӨРХ АСАР МУУХАЙ[9] ХЭМЭЭЖЭЭ.
Г. Анкнерцийн Нум сумтан ард түмний түүх-д
ХАГАР, КЕТУРА БА ЕСУА ГУРВАН АЙМГИЙН ДУНДААС НЭГЭН ЦАРАЙ МУУТ, ХИЛЭНЦ БҮХИЙ УРАГ САЛБАРЛАСАН БӨГӨӨД ТЭДНИЙГ ТАТАР ХЭМЭЭН ДУУДДАГ.[10] АНХ МАНАЙ НУТАГТ ИРЭГСЭД ХҮНТЭЙ ТӨСГҮЙ АЙМШИГТАЙ БӨГӨӨД ӨӨДӨӨС НЬ ХАРААД ДҮРСЛЭН ХЭЛЭХ БОЛОЛЦООГҮЙ ДҮР ТӨРХТЭЙ. ТОЛГОЙ НЬ БУХЫНХ ШИГ ТОМ, НҮД НЬ ШУВУУНЫХ ШИГ ЖИЖИГ, ХАМАР НЬ МУУРЫНХ ШИГ ХАВТГАЙ, ЭРҮҮ НЬ НОХОЙНЫХ ШИГ ШАНААРХАГ, ЗОО НУРУУ НЬ ШОРГООЛЖНЫХ ШИГ НАРИЙН, ХӨЛ НЬ ГАХАЙНЫХ ШИГ БОГИНО САХАЛ ОГТ БАЙХГҮЙ, АРСЛАН ШИГ ХҮЧТЭЙ, БҮРГЭД ТАГШИХ МЭТ ДУУТАЙ ХЭМЭЭЖЭЭ.[11]
П. Карпини Монголчуудын түүх-д  
ТЭДНИЙ ТӨРХ НЬ БУСАД БҮХ ХҮМҮҮСЭЭС ӨӨР ЮМ. ХАЦАР ӨРГӨН, 2 НҮДНИЙ ХООРОНДОХ ЗАЙ ИХ, ХАЦРЫН ЯС НЬ ШАНАА ЭРҮҮНИЙ ЯСЫГ БОДВОЛ ӨРГӨН, ХАМАР ХАВТГАЙ ЖИЖИГ, ЗОВХИ НЬ ХӨМСГӨӨ ХҮРТЭЛ БҮЛЦЭН НҮД ЖИЖИГ, БАРАГ БҮГД НАМХАН ГЭЖЭЭ.[12]
Томас Архидиакон Historia Salonitana-д
БОГИНО ХӨЛТЭЙ Ч АВАРГА ТОМ ЦЭЭЖТЭЙ. НҮҮР НЬ ӨРГӨН, АРЬС НЬ ЦАГААН, ХАЦАР НЬ САХАЛГҮЙ, ХАМАР НЬ МОНХОР, НҮД НЬ НАРИЙХАН, ХООРОНДОО ХОЛ ЗАЙТАЙ[13]
гэсэн нь эртний Ромын түүхч Аммианус Марселинус Хүннүчүүдийн тухай тагдгар бүдүүн биетэй, бахим чанга гар хөлтэй, бүдүүн хүзүү бөгтөр эв хавгүй биетэй[14] хэмээн өгүүлсэнтэй ерөнхийдөө ижил төстэй байгаа юм.
Дээрх сурвалжуудад буй монголчуудын төрх байдлын мэдээ том толгойтой, тагдгар биетэй, онигор нүдтэй, жижиг хавтгай хамартай, эрүү шанаархаг гэх мэтчилэн дурдсанаараа ижил төстэй байна. Монгол хүний тагдагар бие нь морио унахад илүү тохирсон гэж үзэж болох бол онигор нүд, нам хамар нь элсэрхэг хийгээд цастай, салхи салхилж байдаг тал нутагт тохирсны зэрэгцээ Монтескьегийн үзсэний нэгэн адил суурин ард түмнээс илүү зориг зүрх, тэсвэр тэвчээрийг монгол цэргүүдэд олгоод зогсохгүй ямар ч цаг уурын нөхцөлд байлдахад зохицжээ. Энэ бол Шопенхаурын дурдсан үйлдэл (action) бөгөөд генийн ой санамж буюу мэдлэг нь монголчуудын төрх байдлаар илэрсэн юм.

Монгол орны байгаль цаг уурын нөхцөлийн талаар Л.Н.Гумилев “өвөл эсрэг циклоны төв оршиж цас бага унадаг, Алтайгаас баруун тийших бүсүүдэд цөм эсрэгээр байдаг, үүнд Атлантын циклоноор ирсэн их чийг өвөл цас болон унадаг, гэхдээ зундаа хуурайшиж ерөнхийдөө хээр талын өвс хатдаг”[15] хэмээн өгүүлжээ. Энэхүү цаг уурын нөхцөл нь олон мянган жилийн туршид өөрчлөгдөөгүй нь лавтай. Учир нь Скифийн үеийн сурвалжид Ерөөсөө тэнд цаг агаар бусад орноос онцлог. Бусад газарт борооны улирал ирчхээд байхад тэнд бороо бараг орохгүй. Харин зун нь эсрэгээрээ маш их орно[16]  хэмээсэн байдаг.
            Тиймээс XIII зууны үеийн монголын өндөрлөгт уур амьсгал ямар байсныг тодруулах шаардлагатай бөгөөд тухай сурвалжид хэрхэн тэмдэглэснийг авч үзье.
1235-1236 ОНД МОНГОЛ НУТАГТ ИРСЭН СҮН УЛСЫН ЭЛЧ СҮЙТЭН  ИХ ТӨЛӨВ ЭЛСЭРХЭГ, ЧУЛУУРХАГ ГАЗАРТАЙ...[17] ХЭМЭЭН ДУРДСАН БОЛ ЦАГ УУРЫН ХУВЬД ЖИХҮҮН ХҮЙТЭН ... ЗУРГААН САРД Ч ЦАС ОРНО[18] ХЭМЭЭСНЭЭС ГАДНА ТЭНДХИЙН УУР АМЬСГАЛ ДӨРВӨН ЦАГ НАЙМАН УЛИРЛЫН ЯЛГАВАРГҮЙ. ДӨРВӨН САР БӨГӨӨД НАЙМАН САРД ЦАС ОРООД САЛХИ БААХАН ӨӨРЧЛӨГДДӨГ[19]  ГЭЖЭЭ.
Мөн Плано Карпини нутгийн нэг хэсэг энд тэнд багавтар ой модтой, нөгөө хэсэг нь нүцгэн ажээ. газар нутгийн лав зууны нэг хувь нь үржил шимгүй бөгөөд гол горхины усаар услахгүй л бол ургац өгч чадахааргүй. Энэ нутгийн цаг агаар нь гайхалтай сонин ажээ. Тухайлбал, бусад улс оронд зуны аагим халуу шатаж байхад энэ нутагт хүчтэй аянга цахилгаан бууж үй олон хүнийг хөнөөх нь олонтой. Тэрчлэн тэнд маш их цас орно. Бас заримдаа мориор явахад ч бэрхшээмээр зэврүүн хүйтэн салхи шуурга тавина. Бид хүртэл нэгэн удаа хааны ордны дэргэд ширүүн салхинд газар элэглэн хэвтэцгээж, шороо тоосноос болж удтал юу ч харж чадахгүй байж билээ. Энэ оронд өвөл бороо хур огт ордоггүй, зун тоос дарж, өвс ногооны үндэс чийглэх төдий багахан шиг бороо чийг унах нь олонтоо. Бас азарган мөндөр үе үе орно[20]  гэжээ.
РУБРУКИЙН ТЭМДЭГЛЭЛД МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ НЬ УУЛАРХАГ, БАГА ЗЭРЭГ МОДТОЙ, ЭЛСЭРХЭГ, ХҮЧТЭЙ ААДАР БОРОО, ЦАСАН ШУУРГА, МӨНДӨР ИХЭЭР ОРДОГ, ЗУНДАА ААГИМ ХАЛУУН ГЭХ МЭТЧИЛЭН ДУРДЖЭЭ.
Үүнээс үзэхэд монгол цэргүүд байгаль цаг уурын ямар ч нөхцөлийг даван гарах чадвартай,[21] Евро-Азийг дамнасан уудам нутгийг нэгэн захиргаан дор нэгтгэхдээ байгаль цаг уурын ямар ч нөхцөл байдалд тулалдаж явсны томоохон жишээ нь Зэв, Сүбэдэй нарын аян дайн юм. Монголын морьт цэрэг тэсгим өвлөөр тэнгэр уулыг даван, Кизылкумын цөлийг туулан 8000 миль аялан байлдсан нь дэлхийн түүхнээ гайхагдан үлджээ. Мөн Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло эзэнт гүрний нутаг дэвсгэрийн уур амьсгалын талаар багагүй зүйл тэмдэглэн үлдээжээ. Түүний тэмдэглэлээс үзвэл монголчуудын байлдан эзэлсэн газар нутаг нь зарим газраа мал амьтан тэсхүйеэ бэрх хүйтэн,[22] халуун,[23] бохир бүгчим агаартай[24] хэмээн дурджээ. Энэ нь монголчууд цаг уурын хүнд нөхцөлд аян дайн явуулж байсныг тодорхой харуулж байна.
            Энэхүү эртнээс нааших цаг уурын хувирамтгай, эрс тэс, хүйтэн байдал нь монгол цэргүүдэд амжилттай байлдах боломжийг олгосон бөгөөд энэхүү генийн ой санамж нь тэдэнд бэрхшээл давах чадварыг бий болгожээ. Учир нь цаг уурын нөхцөлөөс шалтгаан төрх, бие бялдарт өөрчлөлт ордог бөгөөд одоогийн төрхөтний үүсэл нь цаг ууртай салшгүй холбоотой.
             
 Түүгээр ч барахгүй эдгээр сурвалж дээр тулгуурлан хожмын судлаачид монголчуудын үнэрлэх, сонсох, харах эрхтэн нь яг л зэрлэг амьтдынх шиг хөгжиж, маш сонор соргог болсон байдаг. Тэд хар багаасаа дөрвөн улирлын турш задгай тэнгэрийн дор халуун, хүйтнийг амсан хатуужиж, морь унаж, нум сум харваж өссөөр дайн байлдааны төлөө төрсөн мэт хэмээжээ.[25]Жишээлбэл, монголчуудын энэхүү төрх онцлог бол өөрсдийнх уугуул нутгийн газарзүй, цаг ууртай шууд холбоотой бол сэтгэлгээний онцлог хурд нь ч мөн генийн ой санамжийн нөлөө юм. Түүгээр ч барахгүй Монтескьегийн дурдсанчлан монгол орны эрс тэс цаг уур монголчуудад ихээхэн давуу талыг бий болгосон нь дамжиггүй.


[1] Aristotle, Politics, Trans. Benjamin Jowett, 1999.
[2] Montesquie, The Spirit of law, Trans. Thomas Nugent, 2001.
[3] Montesquie, 2001:119
[4] David D. Zhang, C.Y. Jim, George C-S Lin, Yuan-Qing He, James J. Wang and Harry Lee, “Climatic change, wars and Dynastic cycles in China over the last Millennium,” Climatic change, (76)2006: 459-477. 
[5] Б. Гүнчинсүрэн, “Дөрөвдөгч галвын дээд үеийн монгол орны эртний газарзүй,” Studia Archaelogia, Tomus I(XXI), Fasc.1, 2003:13.
[6] З. Батсайхан, Хүннү, Улаанбаатар, 2002:182.
[7] Montesquie, 2001:246.
[8] Г. Анкнерци, 2010:28.
[9] Жао хун,  2005:157.
[10] Г.Анкнерци, 2010:28.
[11] Мөн тэнд, 2010:28.
[12] Плано Карпини,  2006:18.
[13] Томас Архидиакон, 2013:100.
[14]Ammianus Marcellinus, History of Rome from Constantine to Valens, C. D. Yonge, tr. George Bell and Sons, London, 1885; Я. Ганбаатар, Хүннүгийн Түүх Соёл, 2008:55.
[15] Д. Сүхбаатар, Т. Хасбаатар, Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувиарлалтын түүхэн уламжлал. 2011:22.
[16] Херодот, Түүх, Улаанбаатар, 2009.
[17]“Богд баатар биеэр тайлсан тэмдэглэл,” Хар татарын хэргийн товч, (Орчуулсан Х. Асралт, Хөх-Өндөр)), 1985:165.
[18] Богд баатар биеэр тайлсан тэмдэглэл, 1985:166.
[19] Сүйтэн, “Хар татарын хэргийн товч,” Их Монгол улсын түүхэнд холбогдох хятад хоёр сурвалж бичиг, 2005:240.
[20] Плано Карпини, 2006:15.
[21] Цэргийн түүх Х. Шагдар Монголчуудын байлдан дагууллын ялалтанд хүрсэн шалтгаануудын нэг нь монгол хүний тэсвэр тэвчээр байсан тухай өгүүлжээ. Тэрээр “өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 50 хэм хүрч хүрч хэлбэлздэг эрс тэс уур амьсгал ... цаг уурын ямарч бэрхшээлд сөгдөхгүй эрмэг бие, эр зориг өгчээ” хэмээн өгүүлжээ. Х. Шагдар, Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх (XII зуун) II2000:633.
[22] Марко Поло, 1987:22.
[23] Марко Поло, 1987:50.
[24] Марко Поло, 1987:143.                                   
[25] К.Д’Оссон, Монголчуудын түүх, 2015:77.

Sunday, October 22, 2017

ШҮҮМЖ: Төрд ивээгдсэн ч түмэнд гологдох түүхийн бүтээл

                            ~О.Нямдаваа, Иран дахь Монгол өв соёл номын шүүмж~


Тэтгэвэрт гарсан хүн бүр “түүхч” болчихдог хэмээн манай нэг эрдэмтэн тун онож хэлжээ. Үнэхээр л тэтгэвэртээ гарсан хөгшчүүд, тэр дундаа нам төрийн удирдах албан тушаалд ажиллаж байсан эрхмүүд өөрсдийн намтар дурсамж, орон нутгийн түүхээр ном бүтээл туурвих боллоо.  Өөрийн ажил хөдөлмөрийн туршлага, орон нутгийн түүхээ хойч үедээ таниулан мэдүүлэх нөр их хөдөлмөрийг нь үнэлэхгүй байхын аргагүй.
Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн өөрийн сурсан мэдсэн, үзсэн дуулсан дульмагхан мэдлэгээ “мэдлэгийн их далай” гэж андуурсан хүмүүс мэр сэр байх ажээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 5-нд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр доктор О.Нямдаваагийн “Иран дахь Монгол өв соёл”  хэвлэгдэн гарчээ. Тус бүтээл нь Илхаант улсын түүх, Илхаант улсын уран барилга, Илхаадын зоос, Илхаадын бичиг захидал, Илхаант улсын шашин гэсэн 5 бүлгээс бүрдэнэ. 

“Нүсэр” том уг бүтээл эхний хуудаснаасаа эхлээд л үг үсэг, найруулгын алдаа, ойлголтын зөрүү, зургийн буруу тайлбарууд хөврөх ажээ. Дипломат ёсны нэгэн чухал зүйл бол аливаа улс орны зочид төлөөлөгчид, хамтран ажиллаж буй хүн, хамт олны нэрийг зөвөөр бичих явдал.  Гэтэл олон жил элчин сайдын үүрэг гүйцэтгэж явсан О.Нямдаваа гуай Иран улсын ерөнхийлөгчийн нэрийг буруу бичсэн нь тун тоогүй. Иран улсын ерөнхийлөгч болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын зургийн тайлбарт Махмуд Ахмаденижад (Mahmoud Ahmadenijad) ерөнхийлөгчийн нэрийг Хасан Роухани хэмээн буруу бичсэн байгаа юм. Махмуд Ахмаденижад 2005-2013 оны хооронд Иран улсын ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд Хасан Роухани 2013 оноос Иран улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад нар, 2012
Ийм байтал тус бүтээлийг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Хоёр талын хамтарсан судалгааны хүрээнд” гарч байна хэмээн номын өмнөх үгэнд өгүүлжээ. Гэтэл тус бүтээлд Ираны талаас хэн нэгэн судлаач оролцоогүй байна. 
Номын зохиогч бүтээлийнхээ чимэглэл зурагт Баисунгурын шахнамен чимэглэл зургуудыг ашигласан байна. Гэвч зохиогч маань Баисунгурын шахнаме гэж чухам ямар бүтээл болохыг ч ойлгоогүй бололтой. Баисунгурын шахнаме, Их Монгол шахнаме, Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зургуудыг хооронд нь ангилалгүй цөмийг нь Баисунгурын шахнаме хэмээн нэрлэжээ. Түүгээр ч барахгүй 1280-иад оны үед Юань гүрэнд зурагдсан “Хубилай хааны ан хийж буй нь” зургийн хэсгийг Баисунгурын шахнамен
зураг хэмээсэн нь тун гайхалтай. 
Перс номын чимэглэл зураг нь Монголын эзэнт гүрэн тэр дундаа Ил хаант улсын үед хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн билээ. Их Монгол шахнаме тууль нь агуулгын хувьд Ираны эртний хаад Тураны хаадтай байлдсан тухай бөгөөд зохиогдсон он цаг нь НТ 1000-аад онд хамаарна. Харин номын чимэглэл зураг нь XIV зуунд холбогдоно. Хэдийгээр Их Монгол шахнаме туулийн чимэглэл зурагт эртний иран тураны хаадыг монгол хувцастай дүрсэлсэн байдаг ч энэхүү зураг, үйл явдал нь монголчуудтай холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл Их Монгол Шахнамен зурагт монгол хаадыг дүрслээгүй гэсэн үг. 
Тиймээс номын 16 дүгээр хуудсаны зурагт Хүлэгү хан армийнхаа тэргүүн эгнээнд, Монгол Шахнаме,Баисунгур хэмээн тайлбар хийсэн буруу. 
Харин Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зураг нь Монголчуудтай холбогдох бол Баисунгурын шахнаме тууль нь он цагийн хувьд XV онд холбогдоно. Төмөрийн угсааны Баисунгур Мирзагийн зарлигаар Баисунгурын шахнамег бүтээх ажил 1426 онд эхэлж 1430 оны орчим дуусжээ.  Тус шахнамег бүтээхдээ өмнөх Их Монгол шахнамег шууд хуулбарлалгүй хэд хэдэн хуучны гар бичмэлүүдийг харьцуулан үг хэллэгийг “орчин үеийн” болгох чимэглэл зургуудыг шинээр зурах зэрэг ажлуудыг хийсэн байна. Гэвч энэ нь мөн л монгол хаадтай холбогдолгүй юм. Тиймээс Их Монгол шахнаме болон Баисунгурын шахнамен чимэглэл зураг дахь хаад ноёдын зургийг монгол хаадын нэрээр оноон нэрлэх нь зохимжгүй юм. Түүгээр ч барахгүй перс номын чимэглэл зураг нь хаана бүтээгдсэнээсээ шалтгаалаад зургийн арга барил дүрслэл нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Гэтэл Иран дахь Монгол өв соёл номд Баисунгурын шахнамен зураг гэх нэрээр орсон зургууд нь арга барил дүрслэлүүдийн хувьд асар их ялгаатай байгаа нь нэг бүтээлийн чимэглэл зураг биш болохыг харуулж байна.


Шахнаме туулийн чимэг зураг
Судрын чуулганы чимэг зураг


Баисунгурын шахнамен чимэг зураг
Тус бүтээлийн 16,39 дүгээр хуудасны зургууд нь Байсунгурын шахнамен чимэглэл зураг бус Рашид ал-Дины Судрын чуулган номын чимэглэл зураг юм. Түүгээр ч барахгүй 134 дүгээр хуудасны “Газан хаан коран судар уншиж буй” зургийг “Хасан хан Куран Монгол гэрт сууж буй нь “Сударын чуулган” ном уншиж буй нь” хэмээн нэрлэжээ. Гэтэл Судрын чуулган Өлзийт хаан (1304-1316)-ы үед зохиогдож дууссан юм. Тэгэхлээр Газан хаан(1295-1304) хэрхэн Судрын чуулганыг уншиж чадах билээ дээ. 
Түүгээр ч барахгүй тус бүтээл нь судалгааны бүтээл гэхээсээ судалгааны бүтээлүүдээс шууд хуулбарлан авч ашигласан судлаачдын бүтээлийг эмхэтгэсэн бүтээл гэж үзвэл зохино. Учир нь нэр томьёоны хувьд тогтсон зүйл байхгүй бөгөөд нэг үгийг 2-3 янзаар бичсэн байх нь элбэг. Жишээлбэл, Абу Са’ид Бахадур, Абу Сайд, Абу Сайд Баатар гэхчилэн олон янзаар бичжээ. Абу Са’ид хаан хаан 1317-1330 оны хооронд Илхаант улсыг захирч байсан юм. Гэтэл тус бүтээлийн 152-153 дугаар хуудсанд Абу Са’ид хааны зооснуудын хамаарах оныг 1419, 1425, 1433 он гэжээ. О.Нямдаваа гуайнхаар бол Абу Са’ид хааныг нас барснаас хойш 100 жилийн дараа ч түүний нэрээр зоос дэлдэж байсан болж таарах нь. Зоос бол тухайн бүс нутгийг хэн захирч буй нь илэрхийлэл эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм. Гэтэл 1335 оноос сүр хүчин нь бууран үгүй болсон Илхаант улсын сүүлчийн эзэн хааны нэрээр 100 жилийн дараа зоос дэлдэнэ гэдэг байж боломжгүй зүйл юм. Сатибег, Суляман, Ануширван нарын зоосыг ч мөн адил тэдний амьдарч байсан цаг үеэс нэгэн зууны дараа дэлдэгдсэн мэтээр дурджээ. 
Энэ бүх он цагийг андууран бичсэн гэхэд бэрхтэй. Тиймээс хэвлэлийн алдаа гэж үзвэл эрхэм номын редактор академич Д.Цэвээндорж гуай үүнийг хянаж залруулах ёстой баймаар. Тэр үнэхээр мэдэхгүй байв уу эсвэл тоомжиргүй хандав уу? Үг үсэг, найруулга, ойлголтын андуу байдлыг хянаж засварлах ёстой хүмүүс бол номын редакторууд байдаг. Гэтэл монголд редактор гэдэг үг “чимэглэл” төдий зүйл болон хувирчээ. Учир нь таньдаг томоохон эрдэмтнийхээ нэрийг редактор гээд тавьчихад уншигч түмэн сайн бүтээл гэж ойлгоно. Худал хуурмагаар дүүрэн бүтээлийг худалдан авч уншина. Тэгээд бүр ерөнхийлөгчийн тамгийн газрын дэмжлэгээр хэвлэлээ гэвэл бүр ч их сонирхох нь лавтай. 
Тус бүтээлийн хавсралт хэсэгт Д. Анхбаяр, Ц.Энхчимэг зэрэг гадаад дотоодын 10 орчим эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүллийг шууд хуулбарлан оруулсан нь судалгаа хийсэн гэхээсээ илүүтэй бусдын бүтээлийг эмхэтгэсэн төдий зүйл. Бүхэл бүтэн 100 хуудас материалыг бусдаас шууд хуулбарлан авч ашиглана гэдэг байж боломгүй хэрэг юм. 
Ямартаа ч эл бүтээл нь хоёр талын судалгааны хүрээнд хэвлэгдэн гарсан гэхээсээ илүүтэй О.Нямдаваа докторын өмнө нь гаргасан Ил хаад, Ил хант улс (Ил хант улс номын шүүмж -http://www.ikon.mn/n/j61) зэрэг номыг эмхэтгэж найруулсан ядмагхан хувилбар болох нь тодорхой байна. 
О.Нямдаваа, Иран дахь Монгол өв соёл номын хуудас
Энэ мэтчилэн алдаа мадаг ихтэй, хэн нэгэн “сайн дурын” судлаачийн сэтгэлийн хөдлөлөөр хандсан бүтээлийг төр засаг дэмжин хэвлүүлсээр байх уу? Энэхүү бүтээл 2017.07.05-ны өдөр Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс номын сүүдэр дор “чоно борооноор” гэгчээр Төрийн ордонд нээлтээ хийгээд авсан сурагтай. 
С.Ууганбаяр 

Sunday, August 20, 2017

Мөрөөдөл төгссөн нь буюу Түүх эргэн иржээ

(Роберт Каган, Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь номын тухай)

“ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЭРГЭЭД хэвэндээ орлоо” гэх энэ өгүүлбэрийг уншсан хүн “юу гэсэн үг вэ?” хэмээн гайхаж болох юм. Энэ бол Фрэнсис Фукуямагийн “Түүхийн төгсгөл ирэхэд, либерал ардчилалд үзэл суртлын ноцтой өрсөлдөгч үлдсэнгүй” хэмээх үгийн хариулт юм. Дэлхий ертөнц, улс орнууд өөр хоорондоо ойртон, нягтарч буй боловч нэг үзэл, санаа зорилгод нэгдсэнгүй. Их гүрнүүд өөрсдийн үзэл бодлоо буурай орнуудад тулгаж дэлхийн бодлогыг тодорхойлохыг зорьж байна. Энэ нь зөрчил тэмцэл дууссаныг биш цоо шинэ зөрчил тэмцэл эхэлснийг сануулж буй хэрэг.
1990- ээд оны эхээр ЗХУ задран унаснаар хүн бүхэн зөрчил тэмцэл ариллаа “Түүх төгслөө” хэмээн итгэж байв. Тухайн цагт дэлхийн бодлогыг тодорхойлогч АНУ ч мөн адил үзэл бодолтой байсан бөгөөд эцэг Буш “дэлхийн шинэ дэг журам”-ыг бий болгохыг зорьж зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг чухалчилж байв. Үүнийг нь НҮБ-ийн нарийн бичгийн дарга Кофи Аннан болон Бушийн залгамжлагч Билл Клинтон нар ч мөн дэмжиж байв. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй 2001 оны  9 дүгээр сарын 11-нд болсон үйл явдал дэлхий ертөнц нэг чиглэл, нэг үзэл санаанд нэгдээгүй, зөрчил тэмцлийг эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй болохыг тодорхой харуулсан юм. Тиймээс ч Жорж Буш хүчирхийлэл зөрчил тэмцлийг хүчээр дарах үйл ажиллагаа эхлүүлэн 2003 онд Иранд дайран оров.
Түүгээр ч барахгүй 2010 оноос Хятад улс хүчирхэгжиж дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцохыг чармайж эхлэв. Энэ нь зөрчил тэмцэл, үзэл санааны зөрчил төгсөөгүй болохыг, дэлхий дахин нэг үзэл санаа, бодлогод нэгдэн нягтарна гэсэн 1990-ээд оны либерал үзэл санаа “мөрөөдөл” байсныг илтгэн харуулсан юм.
Роберт Каганы үзсэнээр “Орос, Хятад, Европ, Япон, Энэтхэг, Иран, АНУ болон бусад орнууд бүс нутагтаа давуу байдлын төлөө өрсөлдсөнөөр их гүрнүүдийн дунд олон улсын тэмцэл буцаж ирсэн” байна. Өдөр ирэх тусам Орос, Хятад, Япон улсууд дэлхийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох болж байна. Тэгвэл энэ нөхцөлд бид хэрхэн тэсэж үлдэх вэ? Бид тэсэж үлдэхийн тулд эдгээр улс гүрнүүдийн бодлого үйл ажиллагааг ойлгож, улс төр, эдийн засгийн зөв бодлого үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Их гүрнүүдийн үндсэрхэг үзэл санаа эргэн ирж тэд хүчирхэгжсээр бид харин хаана явна вэ? Бидний үндсэрхэх үзэл бол зөвхөн хөрш улс гүрнүүдээ харлуулах явдал юм. Тэгвэл их гүрнүүдийн үндсэрхэг үзэл юу байв. Энэ бол эрх мэдлийн хүрээгээ тэлэх, дэлхийн бодлого үйл ажиллагаанд оролцох, нэр төр, ашиг сонирхлын төлөө өнгөрснөө эрмэлзсэн үзэл юм хэмээн Роберт Каган үзжээ. Иран, Энэтхэг, Орос улсууд нь гоморхлын мэдрэмжтэй улсууд юм. Хүчирхэгжин мандаж явсан эдгээр улс орнууд нэгэн цагт бууран доройтож байсан бөгөөд өдгөө энэхүү доройтож явсан үеэ түүх болгон үлдээж, улс орныхоо түүхийг үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Тэд түүхээ төгсгөхийг хүссэнгүй. Дэлхийн бодлого үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна. Гэтэл бид түүхээ нэгэнт төгсгөж түүхээ дурсах л ой санамжтай үлджээ. 

С.Ууганбаяр

Wednesday, August 16, 2017

Үндэстний онцлогоо ойлгохсон

Түүхийг үгүйсгэхээс урьд ойлгох хэрэгтэй бус уу? 

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэвч одоо хүн бүр бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. “Мэддэг байх” гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг оролддог болж. Тэр дундаа түүхийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлах нь хэрээс хэтэрлээ. Тэдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй филосифич С.Молор-Эрдэнэ. Би түүний ярьдаг философийн онолыг мэдэхгүй болохоор шүүмжилж чадахгүй. Уншигч олон түүнийг эрлийз хурлыз, солио өвчтэй эсвэл агуу филосоифич хэмээн өргөмжилж байна. Гэвч эрхэм С.Молор-Эрдэнэ аль нь болохыг би бас л мэдэхгүй. Учир нь би сэтгэл судлаач, генетикч биш. Гэвч би бага боловч “Түүх” гэх шинжлэх ухааныг гадарлана. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр С.Молор-Эрдэнэ философичийн үгүйсгээд буй түүхийн тухай товчхон өгүүлэхийг зорьлоо.
С.Молор-Эрдэнэ Чингис хаанд бидэнд юу ч бүтээж өгөөгүй хот ч байгуулаагүй гэжээ. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?
Монгол гэх үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог хийгээд, тэдгээрийг байлдан дагуулж чадсан арга ухаан чухам юу байв. Энэ бол хурд, монгол цэргийн гавшгай байдал. Үүний гол эх үүсвэр нь адуун сүрэг. Хэрэв Чингис хаан том хот байгуулан монголчууд хотод бөөгнөрөн суусан бол юу болох байсан бол. Суурин суугаад мал маллана гэдэг бол үнэндээ үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил зүйл. Суурин суусан монголчууд газар тариалан эрхлэхээс өөр замгүй. Монгол орны уур амьсгалыг бодолцвол хангалттай ургац авах боломжгүй.
Тэгвэл хүнсний хомсдлоо хэрхэн нөхөх вэ? Одоогийнхтой адил хүнс тэжээлийн тусламж, бүр цаашлаад экспорт, импорт гэх зүйл байхгүй үе шүү дээ. Шавар байшинд бөөгнөрөн суусан монгол цэргүүд хятадруу довтолж хүнс дээрэмдэж ирнэ гэдэг бол үлгэрийн далай.
Хятадууд нүүдэлчдийг захирч байгаагүй нь нэг талаараа “суурин хот” байгаагүйтэй холбоотой. Дайсан этгээд их цэргийн хүчээр дайран ирэхэд нь зугтаад л гарчихна. Энэ тухай хятадын түүхэн сурвалжуудад ч мэдээ бишгүй дээ л бий. Энэ үйл явц олон мянган жилийн туршид үргэлжилсэн. Үүнийг ч Чингис хаан мэдэж байсан нь лавтай. Тэр цагт Монгол нутаг томоохон хот байгуулж шавар тагзанд шамбааралдан суух нь Монгол гэх үндэстнийг мөхөөх аюулд ч хүргэж болох байв.
Монголчууд хот байгуулж байгаагүй гэж үү? Байгуулсан бол хаана байгуулав?
Алтан Орд улсын Сарай- Бат, Сарай-Бэрх, Ил хаант улсын Султаныя, Юань улсын Шанду, Даду хотууд тэгвэл хэн байгуулсан болж таарах вэ? Монгол хаадын зарлигаар эдгээр хотыг байгуулсан нь эрхэм философичийн хүсээд байдаг цаасан дээр бичээтэй бий шүү дээ. Монголчууд хэрэгтэй боломжтой бүс нутгуудад хот сууринг байгуулж байсныг, тэдгээр хот суурины туурийг бид одоо ч харж болно.
С.Молор-Эрдэнэ докторын дурьдсан хоёр дахь асуудал бол “Монгол гэрт амьдрахад хэцүү бараг л боломжгүй, боломжтой байлаа ч одоогийн бүс нутагт бус говиос өмнө л амьдарч байсан болов уу” гэсэн дүгнэлт. Хамгийн ойрхон жишээ дурдвал С.Молор-Эрдэнэ доктор өөрөө Төв аймгийн Жаргалант сумын уугуул гэнэ билээ. Энд түүний өвөг эцэг монгол гэрт амьдраад л ирсний хүчинд энэ хүн хорвоод мэндэлчихээд яваа гэдгээ ойлгодоггүй л юм байх даа.
“Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй.” нь Чингис хааны нэгэн алдаа гэнэ.

Хэн үзэл санаа бий болгож дэлгэрүүлдэг вэ?
Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонафарт ард түмэндээ Күнзийн нэгэн адил итгэл үнэмшил үнэт зүйлсийг ард түмэндээ бий болгож өгсөн үү? Тийм зүйл үгүй л болов уу.
Харин ч Чингис хаан “Нэгдсэн Монгол” улсын үзэл санааг монголчуудад суулгаж өгсөн юм. Энэ үзэл санаа XX дугаар зууны II хагасыг хүртэл үргэлжилж байсныг түүх бага боловч уншдаг хүн бүр мэдмээр. Энэхүү нэгдсэн монголын төлөөх үзэл санаа XX зууны II хагаст их гүрнүүдийн бодлогоор таслагдаж, одоогийн жалга довны үзэл илүүтэй дэлгэрсэн юм.
Тэгвэл Күнз гэж хэн бэ? Күнз бол Платон, Аристотель бас Молор-Эрдэнэ гуайн нэгэн адил сэтгэгч. Үзэл санааг сэтгэгчид боловсруулж хаад хэрэгжүүлдэг жамтай. Гэтэл манай философич нэгдсэн нэг үзэл санаа бахархал төлөвшүүлэх бус монгол гэх үндэстний онцлог нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж гадны улс орнуудтай харьцуулан ярьж буй нь даанч харамсалтай. Түүхийг үгүйсгэх бус ойлгох, ойлгуулах хэрэгтэй юмсан.
Хамгийн харамсалтай зүйл гэвэл “Монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү” гэсэн Молор докторын гэнэн агаад тоомжиргүй яриа. Нууц товчооноос давж гарч үзээгүй л хүн байна шүү дээ эрхэм философич маань. Ингэж хэллээ гээд түүхч биш философич гээд өмөөрөх хүн гарах л байх. Тийм юм бол философио ярь л даа. Судрын чуулган, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Нум сумтан ард түмний түүх, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гээд тоочоод байвал тоо томшгүй түүх сурвалжууд байна. Чингис хааныг монголчууд зохиож гаргаж ирсэн юм биш шүү дээ. Дэлхийн дахин түүнийг тодруулж гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл тэр хийсэн гавьяатай хүн болохоор. Чингис хааныг хоёрдахь мянганы шилдэг хүнээр монголчууд тодруулаагүй юм шүү дээ.

Эрхэм философичоос асуух асуулт.
Та америкчууд Авраам Линкольныг, Англичууд Артур хааныг, Италичууд Юлий Цезарийг, Хятадууд Цин ши Хуандиг, Оросууд Их Петрийг харсан гэж бодож байна уу? Тэд хараагүй болохоор тэд байгаагүй гэсэн үг үү?
Танд хамаатуулаад асуувал, та хуланц өвөг өө харж байсан уу? Харж байгаагүй бол танд өвөг дээдэс гарал угсаагүй байхгүй гэсэн үг үү? Тэгвэл та хаанаас ирсэн бэ?
С.Ууганбаяр