СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Wednesday, August 16, 2017

Үндэстний онцлогоо ойлгохсон

Түүхийг үгүйсгэхээс урьд ойлгох хэрэгтэй бус уу? 

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэвч одоо хүн бүр бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. “Мэддэг байх” гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг оролддог болж. Тэр дундаа түүхийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлах нь хэрээс хэтэрлээ. Тэдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй филосифич С.Молор-Эрдэнэ. Би түүний ярьдаг философийн онолыг мэдэхгүй болохоор шүүмжилж чадахгүй. Уншигч олон түүнийг эрлийз хурлыз, солио өвчтэй эсвэл агуу филосоифич хэмээн өргөмжилж байна. Гэвч эрхэм С.Молор-Эрдэнэ аль нь болохыг би бас л мэдэхгүй. Учир нь би сэтгэл судлаач, генетикч биш. Гэвч би бага боловч “Түүх” гэх шинжлэх ухааныг гадарлана. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр С.Молор-Эрдэнэ философичийн үгүйсгээд буй түүхийн тухай товчхон өгүүлэхийг зорьлоо.
С.Молор-Эрдэнэ Чингис хаанд бидэнд юу ч бүтээж өгөөгүй хот ч байгуулаагүй гэжээ. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?
Монгол гэх үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог хийгээд, тэдгээрийг байлдан дагуулж чадсан арга ухаан чухам юу байв. Энэ бол хурд, монгол цэргийн гавшгай байдал. Үүний гол эх үүсвэр нь адуун сүрэг. Хэрэв Чингис хаан том хот байгуулан монголчууд хотод бөөгнөрөн суусан бол юу болох байсан бол. Суурин суугаад мал маллана гэдэг бол үнэндээ үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил зүйл. Суурин суусан монголчууд газар тариалан эрхлэхээс өөр замгүй. Монгол орны уур амьсгалыг бодолцвол хангалттай ургац авах боломжгүй.
Тэгвэл хүнсний хомсдлоо хэрхэн нөхөх вэ? Одоогийнхтой адил хүнс тэжээлийн тусламж, бүр цаашлаад экспорт, импорт гэх зүйл байхгүй үе шүү дээ. Шавар байшинд бөөгнөрөн суусан монгол цэргүүд хятадруу довтолж хүнс дээрэмдэж ирнэ гэдэг бол үлгэрийн далай.
Хятадууд нүүдэлчдийг захирч байгаагүй нь нэг талаараа “суурин хот” байгаагүйтэй холбоотой. Дайсан этгээд их цэргийн хүчээр дайран ирэхэд нь зугтаад л гарчихна. Энэ тухай хятадын түүхэн сурвалжуудад ч мэдээ бишгүй дээ л бий. Энэ үйл явц олон мянган жилийн туршид үргэлжилсэн. Үүнийг ч Чингис хаан мэдэж байсан нь лавтай. Тэр цагт Монгол нутаг томоохон хот байгуулж шавар тагзанд шамбааралдан суух нь Монгол гэх үндэстнийг мөхөөх аюулд ч хүргэж болох байв.
Монголчууд хот байгуулж байгаагүй гэж үү? Байгуулсан бол хаана байгуулав?
Алтан Орд улсын Сарай- Бат, Сарай-Бэрх, Ил хаант улсын Султаныя, Юань улсын Шанду, Даду хотууд тэгвэл хэн байгуулсан болж таарах вэ? Монгол хаадын зарлигаар эдгээр хотыг байгуулсан нь эрхэм философичийн хүсээд байдаг цаасан дээр бичээтэй бий шүү дээ. Монголчууд хэрэгтэй боломжтой бүс нутгуудад хот сууринг байгуулж байсныг, тэдгээр хот суурины туурийг бид одоо ч харж болно.
С.Молор-Эрдэнэ докторын дурьдсан хоёр дахь асуудал бол “Монгол гэрт амьдрахад хэцүү бараг л боломжгүй, боломжтой байлаа ч одоогийн бүс нутагт бус говиос өмнө л амьдарч байсан болов уу” гэсэн дүгнэлт. Хамгийн ойрхон жишээ дурдвал С.Молор-Эрдэнэ доктор өөрөө Төв аймгийн Жаргалант сумын уугуул гэнэ билээ. Энд түүний өвөг эцэг монгол гэрт амьдраад л ирсний хүчинд энэ хүн хорвоод мэндэлчихээд яваа гэдгээ ойлгодоггүй л юм байх даа.
“Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй.” нь Чингис хааны нэгэн алдаа гэнэ.

Хэн үзэл санаа бий болгож дэлгэрүүлдэг вэ?
Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонафарт ард түмэндээ Күнзийн нэгэн адил итгэл үнэмшил үнэт зүйлсийг ард түмэндээ бий болгож өгсөн үү? Тийм зүйл үгүй л болов уу.
Харин ч Чингис хаан “Нэгдсэн Монгол” улсын үзэл санааг монголчуудад суулгаж өгсөн юм. Энэ үзэл санаа XX дугаар зууны II хагасыг хүртэл үргэлжилж байсныг түүх бага боловч уншдаг хүн бүр мэдмээр. Энэхүү нэгдсэн монголын төлөөх үзэл санаа XX зууны II хагаст их гүрнүүдийн бодлогоор таслагдаж, одоогийн жалга довны үзэл илүүтэй дэлгэрсэн юм.
Тэгвэл Күнз гэж хэн бэ? Күнз бол Платон, Аристотель бас Молор-Эрдэнэ гуайн нэгэн адил сэтгэгч. Үзэл санааг сэтгэгчид боловсруулж хаад хэрэгжүүлдэг жамтай. Гэтэл манай философич нэгдсэн нэг үзэл санаа бахархал төлөвшүүлэх бус монгол гэх үндэстний онцлог нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж гадны улс орнуудтай харьцуулан ярьж буй нь даанч харамсалтай. Түүхийг үгүйсгэх бус ойлгох, ойлгуулах хэрэгтэй юмсан.
Хамгийн харамсалтай зүйл гэвэл “Монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү” гэсэн Молор докторын гэнэн агаад тоомжиргүй яриа. Нууц товчооноос давж гарч үзээгүй л хүн байна шүү дээ эрхэм философич маань. Ингэж хэллээ гээд түүхч биш философич гээд өмөөрөх хүн гарах л байх. Тийм юм бол философио ярь л даа. Судрын чуулган, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Нум сумтан ард түмний түүх, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гээд тоочоод байвал тоо томшгүй түүх сурвалжууд байна. Чингис хааныг монголчууд зохиож гаргаж ирсэн юм биш шүү дээ. Дэлхийн дахин түүнийг тодруулж гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл тэр хийсэн гавьяатай хүн болохоор. Чингис хааныг хоёрдахь мянганы шилдэг хүнээр монголчууд тодруулаагүй юм шүү дээ.

Эрхэм философичоос асуух асуулт.
Та америкчууд Авраам Линкольныг, Англичууд Артур хааныг, Италичууд Юлий Цезарийг, Хятадууд Цин ши Хуандиг, Оросууд Их Петрийг харсан гэж бодож байна уу? Тэд хараагүй болохоор тэд байгаагүй гэсэн үг үү?
Танд хамаатуулаад асуувал, та хуланц өвөг өө харж байсан уу? Харж байгаагүй бол танд өвөг дээдэс гарал угсаагүй байхгүй гэсэн үг үү? Тэгвэл та хаанаас ирсэн бэ?
С.Ууганбаяр


Share This

No comments:

Post a Comment