СҮХБААТАРЫН УУГАНБАЯР

Tuesday, May 10, 2016

“Монголын нууц товчооны алдагдсан бүлэг”


Монгол хатдын намтар түүхийг тусгайлан судалсан судалгаа, тэдний тухай өгүүлсэн зохиол бүтээл хомс хэвээр байгаа энэ үед монгол эмэгтэйчүүдийн намтар судлалд бага боловч хувь нэмэр оруулсан, уншигч олонд тэдний тухай тодорхой хэмжээний төсөөлөл өгөхүйц нэгэн бүтээл гарсан  нь Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо хэмээх ном юм.
Үнэхээр ч хатад бүсгүйчүүдийн мэргэн сургаалаар монгол хаад хүмүүжиж байсан учир эмэгтэйчүүд тэр дундаа хатдын тухай үнэн бодит судалгаанд тулгуурласан баримтат бүтээл нэн шаардлагатай байгаа билээ.
Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ. 
Мөн дээрх бүтээлд зөвхөн хатад бүсгүйчүүдээс гадна монгол хаадтай холбоотой нэгэн санал байдаг нь Чингисийн удмын эрчүүд бор дарсанд толгойгоо мэдүүлсэн, сул дорой хүмүүс байсан хэмээх цөөнгүй судлаачдын саналыг давтсан явдал юм.
Гэвч энэхүү бүтээлтэй холбогдуулан багахан хэмжээний (энд зөвхөн удиртгал хэсэг болон бүсгүйчүүдийн эсрэг дайн хэмээх хоёр хэсгийг авч үзлээ)шүүмж бичих болсон учир нь монгол хаадын үйл ажиллагааг илтээр гуйвуулан өгүүлсэнд оршино. Ном уншихдаа яг л тийм байсан мэтээр ойлгодог уншигчид байсан цагт “худал түүх үнэн болж, үнэн түүх худал болж түүхч хүн худалч болж худалч хүн түүхч болж хувирах” нь энгийн үзэгдэл мэт болжээ.
Дээр дурдсан Жак Уэтерфордын Монгол хатдын нууц товчоо номод дурдагдах нэгэн гол үзэл санаа нь монгол хаад охид бүсгүйчүүд, хатдаа хавчин шахаж байсан хэмээх санаа юм. Үнэхээр тийм байсан уу гэвэл харин ч эсрэгээрээ.
Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн өндөр байсан төдийгүй гүнж нар хан хөвүүдийн нэгэн адил хуралдайд орох эрхтэй байжээ.
Өэлүн эх, Бөрт үжин, Сорхугтани бэхи нар нь улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Өгэдэй хааны хатан Дөргөнэ, Гүюг хааны хатан Огул Хаймыш нар төрийн эрхийг барьж байсан байдаг. Мөн түүнчлэн Хубилай хааны ахмад хүү Чингисийн хатан Хөхжин төрийн бодлогод авьяаслаг нэгэн байсан бөгөөд Хубилай хааны хүндлэлийг хүлээж байв. 
Мөн түүнчлэн Ил хаант улсын хэмжээнд монгол гүнж, хатад өөрийн бэлчээр нутагтай байхаас гадна хуралдайд оролцон дайны олзноос хуваалцдаг байсны зэрэгцээ өөрсдийн орд хийгээд цэргийн нэгтгэлтэй байж бас зоосон дээр нэрээ дэлдүүлдэг байхад гадны буюу перс, араб гүнж хатад ийм эрхийг эдэлж байгаагүй юм.

1.    Алдагдсан бүлэг хэмээх удиртгал

Уг номын удиртгал хэсэгт Монголын нууц товчоонд охин урагтаа соёрхол өргье хэмээснээс хойшх хэдэн хуудсыг санаатай, эсвэл санамсаргүйгээр урагдаж үгүй болсон өөрөөр хэлбэл Чингис хааны удмын эрчүүд хатад бүсгүйчүүдээ гадуурхаж, тэднээсээ мэдлэг чадвар дорой байсан учир соёрхол болгож өгсөн газар нутгийг нь булаан авч улмаар огт байгаагүй мэт болгосон гэх зохиогчийн үзэл бичигдсэн байдаг.
Тэгвэл Монголын нууц товчооны 215 дугаар зүйлийн араас орох учиртай мэдээлэл устаж үгүй болсон уу? Тэрхүү өгүүлбэрийг үнэхээр охин урагтаа соёрхол олгъё хэмээн утгаар ойлгож болох уу? гэсэн хоёр асуултын хариултыг хайж үзье. 
Магадгүй охин урагтаа соёрхол өгье хэмээсэн нь зөвхөн зохиогчийн үзэл санаа байж болох талтай байна. Учир нь Монголын нууц товчоонд (хөрвүүлж тайлбар хийсэн Чоймаа.Ш) “охин ургаар соёрхол өргье” хэмээн өгүүлжээ. Түүгээр ч барахгүй Игорь де Рахивилц, Кристофер Этвүүд нарын Монголын нууц товчооны үсгийн галигт “бас охин ургаан соёрхол өгье” хэмээн өгүүлсэн.
Энэ нь Ж. Уэтерфордын өгүүлсэнтэй адил охин ургууддаа соёрхол өгсөн бус хэн нэгэн жанжинд (магадгүй Борохул ноёнд охин өгсөн байж болно. Учир нь өмнөх зүйл буюу Монголын нууц товооны 214 дүгээр зүйлд Борохул жанжинд соёрхол өргөж буй) охин ургаар соёрхол өргөсөн байж болох талтай.
Тиймээс энэхүү алдагдсан бүлэг хэмээх үзэл санаа нь анхнаасаа андуурагдсан, уран сэтгэмжийн үр дүнд байжээ. Зохиогч уг номоо бичихдээ Монголын нууц товчооны ганц(Onon Urgenge, 2001) орчуулгыг эх сурвалжаа болгож ашигласан учир дээрх урагтаа, ургаар хэмээх хоёр үгийн утгыг сайтар ухаж ойлгоогүй бололтой.

2.     “Бүсгүйчүүдийн эсрэг дайн” гэх бүлгийн тухайд

Тус бүлэг “Өгэдэй хаан ширээнд суусан найм дахь жилдээ буюу 1237 оны намар нэгэн аймшигт зүрх зүсэм, балмад үйлийг Их хааны нэрээр зарлиг гарган үйлдсэн нь түүний төрийн эрх барьсан арван хоёр жилийн хугацаанд хийсэн хамгийн гутамшигт хэрэг төдийгүй Монгол төрийн түүхнээ хар толбо болон үлдсэн юм. Энэ нь өөрийн дайснуудынхаа эсрэг биш харин угсаа гарвал нэгтэй Монголчуудынхаа охид бүсгүйчүүдийн эсрэг өдүүлсэн гэмт хэрэг байлаа” хэмээн эхэлнэ.
Цааш өгүүлэхдээ Өгэдэй хааны үед долоогоос дээш насны 4,000 охид, эмэгтэйчүүдийг олны өмнө хүчирхийлсэн хэмээн бичжээ. Зохиогч энэхүү мэдээг чухам юунаас санаа авч, эсвэл эшлэл болгон ашигласнаа дурдсангүй. Энд сурвалжийн тайлбараас үзэхэд ойрдууд Өгэдэйд охид бүсгүйчүүдээ татвар болгохоор илгээдэггүй байсанд оршино гэснээс өөрөөр сурвалжийн тухай ганц ч үг өгүүлсэнгүй.
Түүгээр ч барахгүй ийм балмад үйлдэл хийсэн нь хөгширч зөнөсөн, архинд донтсон хааны ухамсаргүй үйлдэл байсан мэтээр бичиж хэзээ ч зөвтгөж болохгүй; энэ бол Чингисийн удмын охид бүсгүйчүүд рүү хийх аймшигт халдлагын эхлэл байлаа хэмээн өгүүлжээ. Цаашлаад Өгэдэй хаан энэхүү үйлдлийнхээ дараа охин дүүгийнхээ эдэлж байсан эрх мэдлийг үгүй хийж эзэмшил нутгийг нь өөрийн болголоо өөрөөр хэлбэл Чэчэйхэний мэдэлд байсан Ойрадыг булаан авлаа хэмээн өгүүлжээ. Тэгвэл үнэхээр Ойрад Чэчэйхэн гүнжийн мэдэлд байсан уу үгүй юу гэдэг нь мөн л тодорхойгүй асуудал. Монголын нууц товчоонд Ойрадын Хутуга бэхийн хөвүүн Иналчид Чэчэй хэнийг өглөө гэхээс өөр мэдээ үгүй байна.
Магадгүй зохиогч Онгудыг захирч байсан Алаха бэхийн адилаар Чэчэйхэн Ойрадыг захирч байсан гэх таамаглал дэвшүүлсэн байж болох ч үүнийг нотлох баримт хараахан олдоогүй байна.
Уг номонд Өгэдэй хаан эзэмшил нутгаа тэлэхийн төлөө ах дүү нараа хөнөөж байсан мэтээр өгүүлсэн төдийгүй 1235 онд эхэлсэн ахмад хөвгүүдийн аян дайнд Гүюгийг оролцуулахаар илгээсэн нь Төв Ази дахь эзэмшлээ тэлэх боломжгүй болсонд орших бөгөөд шинээр эзэлсэн нутгийг Гүюг захиран суух болсноор Өгэдэйн удам европт эзэмшилтэй болох ёстой байв гэх  мэтээр бичжээ. Энэ бол цэвэр зохиогчийн төсөөлөл. Хэрэв үнэхээр Гүюг эзэлсэн нутагт суух байсан бол бүх цэргийг Гүюг л удирдах байсан болов уу? Тэгснээрээ Гүюг илүү гавьяа байгуулах боломж олдож тэр нутагтаа үлдэх боломжтой болох байв. Гэтэл тийм явдал болоогүй юм.
Түүнчлэн Толуй, Өгэдэй нар бор дарсанд орсон тул төрийн хэргийг өөрийн хатаддаа шилжүүлсэн гэжээ. Жишээлбэл Толуй төрийн эрхийг Сорхугтанид шилжүүлсний учир нь  согтууруулах ундаа хэт их хэрэглэж “байнга уйлж унждаг” байснаас үүдэлтэй гэдэг нь  бас л эргэлзээтэй.
Учир нь Рашид ал-Дины Судрын чуулганы Мөнх хааны хэсэгт Өгэдэй хаан Мөнхөд би дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Өдөр хоногийг хөлчүүрхэн өнгөрүүлэх нь амар байна хэмээн нулимс дуслуулж байсан гэснээс өөрөөр тодруулбал Толуй “байнга уйлж унждаг” болсон тухай мэдээ байдаггүй.
Энэ мэтчилэн бүлэг тус бүрт гарах үйл явдлуудыг лавшруулан үзэж, тодруулан өгүүлвэл барагдахгүй биз ээ. Тиймээс уг номыг уншихдаа үнэхээр тийм үйл явдал болсон уу? хэн, хаана тэр талаар тэмдэглэн үлдээв? зэргийг ойлгож унших зайлшгүй шаардлагатай байна.Монгол хатдын нууц товчоо хэмээх энэ ном монгол хатдын намтрыг өгүүлэх нэрийн дор монгол хаадыг сул дорой байсан мэтээр харагдуулах гэсэн үзэл нэвт шингэжээ. Ганц энэ ном ч биш түүхэн нэртэй ном зохиолыг уншихдаа хамгийн эхэнд эх сурвалж нь хаана байна гэдгийг нэхэн уншвал худлаар баг хийсэн энэ мэт ном цөөрөх учиртай.
Түүгээр ч барахгүй Өгэдэй хаан анхнаасаа л охид бүсгүйчүүдийг хавчиж байсан гэх үзэл санаагаа бататгах зорилгоор зохиогч “1228 оны хуралдайд хааны хөвгүүд болон хүргэн хүү нар хатадтайгаа оролцсон мэдээ Монголын нууц товчоонд байдаг ч бэр хатдын тухай дурдаагүй байдаг. Гэтэл 1246 оны хуралдай зарлан хуралдуулах цагт бэр- хатад улс төрийн эрхийг аль хэдийнэ гартаа оруулсан” хэмээн өгүүлжээ. Гэтэл Монголын нууц товчооны 269 дүгээр зүйлд “Цагаадай, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, Отчигин ноён, Егү, Есүнхэ тэргүүтэн зүүн гарын хөвүүд, ОХИД, хүргэд, түмэд, мянгадын ноёд бүгдээр цугларан ирж” хэмээн бичиглэн үлдээжээ.



 С.УУГАНБАЯР

Share This

No comments:

Post a Comment